“Nissan” компанийг удирдаж байсан Карлос Госныг гурван сар хагасын турш саатуулсны эцэст батланд даалтад суллаад удаагүй. Тэгвэл Токио хотын шүүхийн шийдвэрээр Госныг дахин баривчилж хорихоор болжээ. Уг баривчилгааг тэрээр харгис бүдүүлэг үйлдэл хэмээн зэмлэн буруушаасан байр сууриа илэрхийлжээ.
Токио хотын прокурорууд пүрэв гарагийн үүрээр Госны байрлаж байгаа газарт нэвтрэн Nissan компанийн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан хэрэгт сэжиглэн баривчилж байгаагаа хэлжээ. Түүний хувийн ашиг сонирхлоос болж компани таван сая ам.долларын алдагдалд орсон гэж үзсэн байна.
Батлан даалтад сулласан хүнийг эргэн баривчилж хорих нь Японд тийм ч нийтлэг үзэгдэл биш ажээ. Госн гэм буруугүй төдийгүй огт үндэслэлгүйгээр буруутгаж байна хэмээн мэдэгдсэн байна. Мөн “Nissan-д байгаа хэсэг бүлэг хүмүүс прокурорын байгууллагаар дамжуулж намайг чимээгүй болгохыг хүсч байна” гэж хэлжээ.
Госныг есөн сая ам.долларын батлан даалтад суллаад сарын хугацаа ч өнгөрөөгүй байгаа юм. Тэрээр дөнгөж өчигдөрхөн буюу дахин баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө шинэ Твиттер хаяг нээж дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хэвлэлийн хурал хийж хэргийн цаана байгаа үнэн бодит байдлыг дэлгэн харуулна гэж зарласан байжээ.
Эх сурвалж: www.bbc.com