Б.Наранчимэг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгаль орчны хяналтын аяныг дөрөвдүгээр сард өрнүүлж байна. Энэ сэдвээр НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д. Бат-Өлзийгөөс дараах зүйлсийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд байгаль орчны зөрчил нэлээд гардаг. Та бүхний зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, арга хэмжээ авсан арилахгүй давтагдсаар байгаа ямар ямар зөрчлүүд байна вэ?
-Бидний зүгээс байгаль орчны асуудал дээр иргэдийн оролцоотой хяналтыг хэрхэн эрчимжүүлж ажиллах вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж байна. Таны асуусанчлан дахин давтагдаж гарсаар байгаа зөрчил ихэвчлэн нийслэлийн ногоон бүс дээр хамгийн их гарч байгаа. Ногоон бүс гэхээр нийслэл орчмыг тойрсон, хамгаалалтын бүсэд байгаа ой моддыг зөвшөөрөлгүй унагаж түлээнд ашиглах явдал буурахгүй байна.
Энэ асуудал дээр нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтран ажиллаж, байнгын хяналт тавих хэрэгтэй байна. Иргэдээс бид 70128012 дугаартай утсаар санал гомдол авч, асуудлыг гурав хоногийн дотор шуурхай шийдвэрлэж байгаа.
-Туул голын сав газарт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, зөвшөөрлийг хүчингүй болгох тал дээр та бүхэн ямар санал, санаачлага гаргаж байна?
-Туул гол орчмын бохирдлыг бууруулах тал дээр бохирдож байгаа хүчин зүйлүүдийг эхлээд гаргаж ирсэн. Юун түрүүнд, Туул голын хамгаалалтын бүсд хайрга олборлосноос болж газар доорх нөөц багасах, тухайн ухсан карьераар дамжаад хог хаягдал бохирдол нь ус руу шууд орсоор байгаа.
Бид 2017 онд 95 газрыг цуцалсан. Энэ жил нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 47 газрын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэрийг гаргахаар дүүргийн засаг дарга нараас санал авч байна. Ухсан газраа нөхөн сэргээсэн тохиолдолд зөвшөөрлийг олгох хэрэгтэй гэсэн хуулийн заалт бий шүү дээ.
Мөн үүнээс гадна Туул голын хамгаалалтын бүсд байгаа нөгөө олон айл, аж ахуйн нэгжүүдийн асуудал яригддаг. Эдгээр айлуудын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд газрын зөвшөөрлийн асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй байна. Бид хичнээн их үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг хэрхэн бохирдуулж байгаа тухай дүгнэлт үйлдээд нэмэр алга.
Хамгийн сүүлийн статистикаар 1726 аж ахуйн нэгж байна. Тэд бүгд газрын зөвшөөрөлтэй болохоор бид яаж ч чаддаггүй. Тэгэхээр эхний ээлжинд газрын зөвшөөрлийг хүчингүй болгомоор байна. Энэ тухай саналаа хотын даргад хүргүүлсэн. Хотын дарга цуцлах саналыг гаргахаар бэлтгэж байгаа. Гэхдээ энэ олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлана гэдэг удаан процесс болох нь дамжиггүй.
Тэгэхээр бид Туул голын хамгаалалтын газарт ахиж газар олгохыг хориглох шийдвэр гаргуулсан. Хоёрт, энд байгаа аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших зөвшөөрлийг цаашид сунгахыг хориглосон. Ингэснээр тухайн газрууд тодорхой хугацааны дараа газар нь ямар нэг зөвшөөрөлгүй болно. Тэгэхээр бид нүүлгэх, шилжүүлэх, үйл ажиллагааг зогсоох үндэслэлтэй болох юм. Үүнээс гадна бусад иргэнд шилжүүлэхийг мөн хориглосон байгаа.
-Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт, шалгалт, шаардлагын биелэлт ямар түвшинд байна вэ?
-Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай УИХ-ын шийдвэртэй холбогдуулж хяналт шалгалтыг жил бүр хийж байгаа. Тухайн аж ахуйн нэгжүүдийг стандартын түвшинд үйл ажиллагаа явуул, цэвэрлэх байгууламжтай бол гэдэг шаардлагуудыг тавьж байгаа. Заримынх нь үйл ажиллагааг зогсоосон. Эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт хүнд металлын хэмжээ өндөр гарсан.
Тийм болохоор хөрсийг цэвэршүүлэх, хүнд металлыг ариутгах, саармагжуулах, хөрсийг нь солих хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна. Энэ жил 16 үйлдвэрийг шалгасан. Тэднээс авсан бохир усны шинжилгээний дүнгийн дээж удахгүй гарна. Бохир усны түвшинг таван үзүүлэлтээр хэмждэг. Урьдчилсан байдлаар дөрвөн үзүүлэлт нь хэвийн гараад байгаа. Харгиа болоод төв цэвэрлэх байгууламж бохир усыг 60-70 хувьтай цэвэрлэж байгаа.
-Мэргэжлийн хяналтын байцаагчид элбэг тархацтай амьтдыг хууль бусаар агнах асуудалд зөрчлийн хэрэг нээж, шийдвэрлэдэг болсон гэсэн. Энэ тал дээр та бүхэн өнгөрсөн жил ямар ажил хийв?
-Ногоон бүсд байгаа ан амьтныг хаврын цагт хууль бусаар агнах үзэгдэл элбэг байдаг. Энэ тал дээр бид шөнийн эргүүл, онцгойгийн албан хаагчидтай хамтарч 24 цагийн эргүүл хийсэн. Үүний ачаар ногоон бүсийн ан агнуурын асуудал эрс багассан. Гэхдээ зарим нэг аймаг, сумдын хил залгаа газарт ийм хэрэг гарч байгаа.
Өнгөрсөн жил бид энэ шалгалтын хүрээнд гурван гахай алсан байсныг илрүүлсэн. Байгалийн амьтан учраас ямар нэг вакцинд хамрагдаагүй. Байгалиас өөрт нь байдаг вирусийг байнга тээж явдаг. Тийм учраас хэрэглэх хүнсэнд тохиромжгүй гэж үзэн устгасан байгаа. Харин тухайн иргэнээс гахайн экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулж ажилласан. Мөн 300 орчим тарвага агнасан байсныг илрүүлж, товчооны хяналт маягаар арга хэмжээг нь тооцсон.