Б.Зул
Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотын И.И.МолчановСибирскийн нэрэмжит номын санд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнг Эрхүү хотын ахмад дайчдын “Ветеран” холбоо, Улаанбаатар дахь Г.К.Жуковын музей хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зураг, материалуудаас гадна Халхын голд хайгуул хийсэн залуучуудын отрядын олдворуудыг дэлгэж, олны хүртээл болгож байна.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Монголын Цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг “Үзэсгэлэнг бид ОХУ-ын анд нөхдөдөө зориулж байна. Бидний найрамдал 1911 онд анхны харилцан туслалцах гэрээ байгуулсан цагаас хойш үргэлжилж байгаа. 80 жилийн өмнө бид Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан, мөр зэрэгцэн тулалдсан билээ. Орос бол манай мөнхийн анд нөхөр” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.