П.Батзаяа
Сэтгүүлч, судлаач, доктор Я.Борчулуун Харвардын Серендипити номын нээлтээ хийгээд удаагүй байгаа юм. Тэрээр Харвардад охиноо сургасан ээжийн тэмдэглэл байдлаар номоо бичсэн аж. Харвард хэмээх нэр хол сонсогдохоо больсон өнөө цагт тэнд суралцахаар шийдсэн оюутан залуус болон тэдний эцэг эхчүүдэд зориулан тус номоо хэвлүүлсэн байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Харвардын Серендипити номын нээлтээ хийсэнд баяр хүргэе. Энэхүү номыг бичих шалтгаан нь юу байсан бэ?
-Манайхны хувьд Харвард гэхээр хэт томоор төсөөлөөд байдаг. Гэтэл Харвардад хүүхдээ сургасан ээжийн туршлагаас харахад энэ тийм ч хүнд хэцүү асуудал байхаа больж байна. 1990 оноос хойш тэнд сурсан Монголчуудын тоо харьцангуй өссөн. Энд бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалт гэх мэт урт богино хугацааны олон сургалт явагддаг. Харвардын их сургууль 1936 онд байгуулагдсан. АНУ Англиас 1676 онд тусгаар тогтнолоо зарласан байдаг. Өөрөөр хэлбэл АНУ байгуулахаас 40 жилийн өмнө тус сургууль байгуулагдсан гэсэн үг. Дэлхийд алдартай энэхүү сургуульд монголчууд сурч эхэлсэн нь сонирхолтой. Харвард гэсэн нэрнээс нь эмээхээс илүүтэй хүсэл зорилготой байх юм бол хэн бүхэн энэ сургуульд хүрэх боломжтой. Үүнд орон зайн хувьд хот хөдөө хаана амьдардаг байхаас ч үл хамаарна.
Хамгийн гол нь хүсэл зорилгынхоо төлөө шаргуу тэмцэх юм бол Харвард биднээс хол биш. Тус сургуульд суралцсан хүүхдүүд зөвхөн Улаанбаатар хотынх байдаггүй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч суралцсан байдаг. Тийм учраас өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хүмүүст зориулж энэ номоо бичсэн. Боловсрол бол манай улсын хөгжлийг өндөрт өргөх нэг том гарц гэдэгтэй санал нийлдэг. Өндөр боловсролтой иргэдтэй байж улс орон илүү хурдан хөгжинө. Манайхан боловсролын шинэчлэлийн талаар их ярьдаг. Олон орны боловсролын систем манайд нэвтэрч их дээд сургуулиудад либерал ард боловсрол гэх мэт шинэчлэл хийгдэж байгаад талархдаг.
Гэвч тэр бүр дэлхийд нэрд гарсан сайн сургуулийн талаар нарийн бичсэн ном зохиол байдаггүй. Манай охин энэ сургуульд дөрвөн жил суралцаж баклаврын зэрэг хамгаалсан. Тухайн үед ээж хүний хувьд охиндоо санаа зовж олон зүйлийг охиноосоо шалгаадаг байсан. Тиймээс Харвардад хүүхдээ сургаж байгаа ээж хүний хувьд сонирхсон асуултынхаа хариулт болгож номоо гаргах юм бол монголчуудад хэрэгтэй байх болов уу гэж бодсон. Интернэтэд тус сургуулийн талаар мэдээлэл олон байдаг боловч манайханд хэлний асуудал тулгардаг учраас тэр бүр сонирхсон асуултынхаа хариултыг олж чаддаггүй. Мэдээллийн хоцрогдолтой байдаг. Тиймээс тэр орон зайг бөглөхөд хувь нэмрээ бага ч болтугай оруулах үүднээс эх хэлээрээ номоо гаргасан.
-Харвардад сурахын тулд хамгийн эхний алхам нь юу байх ёстой вэ?
-Энэ талаар богинохон хугацаанд ярина гэдэг боломжгүй асуудал. Гэхдээ хамгийн түрүүнд ямар ч сургуульд амжилттай суралцаж, элсэхийн тулд өдөр бүр хичээлдээ шамдаж, сайн дүн авдаг байх хэрэгтэй. Харвардад сурахын тулд IEST-ийн оноо нь өндөр байх ёстой. Гол нь өөрийнхөө өмнө том зорилго тавьж, түүнийгээ эссэ бичлэгээрээ гаргах хэрэгтэй. Тухайлбал Харвардад бидний үеийнхээр бол цэвэр онц сурлагатай хүүхдүүд элсэх өргөдлөө явуулдаг. Тэр дундаас ялгарах хамгийн гол онцлог нь хувь хүний онцлог, хүсэл эрмэлзэл байдаг. Ганцхан өөрийгөө боддог биш, зөвхөн өөрийн улс орныг боддог биш дэлхий ертөнцийн өөрчлөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах том зорилго өвөртөлсөн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс илүү тэдний анхааралд өртдөг. Тиймээс хүүхдүүд багаасаа өөрийнхөө хүсэл мөрөөдөлд зааг хязгаар тавилгүйгээр томоор сэтгэх хэрэгтэй.
-Манайхан чинь жаахан аминчхан үзэлтэй хүмүүс шүү дээ. Тэгтэл дэлхий нийт даяаршиж хамтдаа асуудлаа шийддэг болоод байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ энэ үзлийг багаас нь суулгах тал дээр юуг анхаарвал дээр вэ?
-Би социализмын үед өссөн хүүхэд. Тэр үеийг одоо үетэй харьцуулахад их өөр санагддаг. Тэр үед нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриатай байсан. Хамтдаа орц, гудамж талбайгаа цэвэрлээд л, хэн хэндээ анхаарал халамж сайн тавьдаг байсан. Гэтэл орчин үед өөрийнх нь л хашаа цэвэрхэн байвал болоо гээд хогоо гудамжиндаа ил задгай гаргаад хаяхаас авхуулаад аминчхан үзэл харагддаг.
Тиймээс өөрөөсөө бусдыг хайрлаж хүндэлдэг хүнийг бий болгохын тулд жижиг зүйлээс л эхлэх хэрэгтэй. Ийм хүн, ийм нийгмийг бий болгохын тулд улс орноосоо ямар нэг юм хүлээх хэрэггүй. Манайхан болохоор хэн нэгэн гарч ирж шийднэ гэж боддог.
Гэтэл эцэг эхчүүд нь амин хувиа бодоод байлгүй хөршдөө, найздаа тусалж бусдад сэтгэлээсээ санаа тавьдаг байх нь өөрөөрөө үлгэрлэх ухаан. Дэлхий даяар байгаль экологи, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж эх дэлхийгээ хайрлан хамгаалахад анхаарч байхад манайхан хүүхдэдээ ан амьтан авлахыг заадаг байж болохгүй. Энэ бол нэг ёсондоо нийгмийн харилцаанд идэвхтэй байхыг үлгэрлэх ёстой л гэсэн үг.
Харвардад сурахын тулд ганцхан онц сураад байхад л болчих асуудал биш. Нийгмийн ажилд идэвхтэй оролцож наад зах нь хог хаяад байгаа хүний эсрэг клуб байгуулж буруу дадал хэвшлийг нь өөрчлөхийн төлөө дуу хоолойгоо хүргэж, оролцдог, бүтээлч сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Харвардын Сериндипинити номын Сериндипинити гэдэг нь санамсаргүй байдлаар эерэг үр дүнд хүрэх, санамсаргүй байдлаар нээлт хийх, аз завшаанд хүрэх гэсэн утгатай л дээ. Тэгэхээр өөрөө санаачилгатай бүтээлч байх хэрэгтэй.
-Ямартай ч Харвардад хүрэхийн тулд англи хэлний мэдлэг нэн тэргүүнд тавигдах нь ээ. Тэгтэл манай улсын боловсролын чанар хүртээмж хөдөө орон нутагт тийм ч хангалттай байдаггүй шүү дээ. Тэгэхээр хөдөө орон нутгийн хүүхдүүд тийшээ хүрэхийн тулд яах билээ?
-Харвард болон бусад улс оронд суралцахын тулд хамгийн түрүүнд англи хэлний мэдлэг хэрэг болдог. Боловсролын чанар хүртээмжинд сургууль болон багш нар чухал үүрэгтэй л дээ. Гэхдээ бүх зүйлийг тэдэнд даатгаад сууна гэдэг бол 21 дүгээр зууны хүмүүст байж болохгүй л асуудал.
Манайд интернэтийн хэрэглээ өндөр байгаа болохоор өөрсдийгөө бие дааж хөгжүүлэх боломж төдий чинээ нээлттэй байгаа гэсэн үг. Тиймээс англи хэлнийхээ төвшинг сайжруулахын тулд өдөрт 20 үг цээжлэх зорилго тавихаас эхлээд багаас эхлэх хэрэгтэй. Үгсийн сангаа сайжруулахгүйгээр хэлний мэдлэгээ сайжруулна гэж байхгүй. Ингээд бага багаар өөрөө урагш тэмүүлэх хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг дээ.
Багш болон сургууль нь хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа бол тэднийг харж дэмий суухын оронд онлайнаар үнэгүй тавигдсан хичээлүүдийг үзэх хэрэгтэй. Цахим ертөнцөд тоглоом тоглож, чат бичиж үр дүнгүй цагийг өнгөрөөхийн оронд тодорхой зорилго тавиад хэлний мэдлэгээ сайжруулах, найзуудтайгаа англиар ярилцах гэх мэтээр технологийн дэвшлийг зөв зохистой хэрэглэж чадвал боломж бүгдэд нь бий.
-Харвардад хүрэхийн гол зорилго, давуу тал нь юу байж болох вэ?
-Энэ бол зөвхөн нэр хүндийн асуудал биш. Энэ сургууль бол та аль орноос ирснээс үл хамааран дэлхийг өөрчлөх хэмжээний боловсон хүчнийг бэлтгэдэг газар. Энд суралцсан хүүхдүүд ядахдаа л тухайн бүс нутгаа өөрчлөхийн төлөө тэмцдэг. Энэ сургуулийн зорилго ч мөн ялгаагүй дэлхий нийтийг өөрчлөх лидерүүдийг бэлтгэхийг зорьдог. Нэг ёсондоо асар том лидерүүдийн эгнээнд нэгддэг. Дэлхийн хэмжээний сургуульд суралцана гэдэг бол дэлхийн шилдгүүдтэй танилцаж, тэдэнтэй эн зэрэгцэх, тэднээс суралцах том боломж. Энэ асуултын хариултыг миний номыг уншаад уншигчид хариултыг нь эрж хайгаасай, хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсэж байна.
-Орчин үед эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн мэргэжил боловсролд ихээхэн анхаарах болсон. Тэд Харвард руу хөтлөхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Яг энэ асуултын хариу болгож номынхоо сүүлийн хоёр бүлгийг зориулсан. Бага балчир наснаас эхлүүлээд юу хийх вэ гэх мэтчилэн. Гэхдээ энэ бол заавал мөрдөх ёстой жор биш. Хүүхэд хаана ямар орчинд өсөж байна, аав ээжийнх нь боловсролын төвшин ямар байна, ар гэрийнх нь боломж бололцоо хэр байдаг вэ гэх мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлдөг боловч багаас нь хүүхдийнхээ сурах эрмэлзэл чиг хандлагыг л тогтоох хэрэгтэй.
Тухайлбал манай охинтой хамт сурдаг охины ээж нь охиноо ахлах сургуульд сурдаг байх үед нь Харвардын их сургуулиар дагуулж явсан байгаа юм. Тухайн үед охин нь хичээлээ тийм ч сайн хийдэггүй байсан бол Харвардаар аялсныхаа дараа “энэ сургуульд заавал сурна” гэсэн мөрөөдөлтэй болсон гэнэ. Тэгээд нутагтаа очсоныхоо дараа хичээлдээ шамдсанаар хүссэн сургуульдаа орсон түүхтэй.
Тэгэхээр Харвардад хүрэх мөрөөдөлд хүүхдээ хөтөл. Эцэг эх нь сайн сургуульд сур гэж хүчлэхээс илүүтэй сурах эрмэлзлийг нь бий болгож, мөрөөдөлтэй болгоно гэдэг хамгийн чухал.
Түүний тулд ээжүүд өөрсдөө ном сонин уншиж мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь чухал. Маш олон хүн “яаж хүүхдээ ном уншдаг болгох вэ” гэж асуудаг боловч өөрөө хэзээ ч ном уншдаггүй. Гэрт нь нэг ширхэг ч ном байдаггүй. Тэгэхээр л хүүхдээ ямар хүн болгомоор байна өөрөө ч бас тийм байж бодитоор үлгэрлэх хэрэгтэй. Наад зах нь даалгавраа цаг тухайд нь хийдэг хариуцлагатай, хөдөлмөрч хүний төлөө санаа тавьдаг болгоход анхаармаар байна.
Сүүлийн үед хүмүүс хүүхдэдээ хүний дор оруулахгүй гээд л хүссэн бүхнийг нь авч өгөх байдлаар толгойг нь илээд байгаа мөртлөө буцаад тийм хэмжээний хариуцлагатай, ачаалал даах чадвартай иргэн байлгахын төлөө тохирох хэмжээний шаардлага тавьж чадахгүй байгаа нь хүүхдүүдээ сул дорой болоход нөлөөлж байна. Facebook-д ээж нарын групп олон байдаг боловч ихэвчлэн ач холбогдолгүй сэдвээр ярилцдаг. Түүний оронд хүүхдээ хүмүүжүүлэх, гадаадад сургахад ашигласан сайн жишээгээ хуваалцдаг, уншсан номынхоо тухай яриа өрнүүлдэг баймаар байна.
-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрсдөөсөө хол хүний нутагт өврөөсөө гаргаад явуулна гэдэг бас нэг хүнд шийдвэр байдаг. Тэнд очоод яах бол гэсэн айдас ч бий. Тэгвэл Харвардад хүүхдүүдийг хэрхэн хүлээж авдаг юм бол оо?
- Харвардад элсэж орсон оюутан бүрээ шууд л миний хүн гээд тэвэрч аваад яг өөрийн брэнд бүтээгдэхүүн болгож бэлдэх бүх алхмыг хийдэг. Харвардын сургуулийн удирдлагууд оюутнуудын эцэг эхчүүдтэй уулзахдаа хэлж байсан үг санаанаас гардаггүй юм. “Танай хүүхэд хэчнээн сайн сургуульд сурч байгаа ч гэсэн судлагаанаас харахад ээжийнхээ л үгэнд хамгийн сайн ордог нь ажиглагдсан. Тэгэхээр оюутан болчихлоо гээд харилцаагаа тасалж болохгүй. Байнга харилцаа холбоотой байж хүүхдийнхээ санаа бодлыг сонсдог байх нь чухал” гэж байсан. Тэд сурагчдынхаа эцэг эхчүүдэд оюутны өдөр тутмын хичээлийн хуваарь, юу идэх, хаашаа явах талаар мэдээллийг нь байнга ирүүлдэг.
Тэгэхээр бид хүүхдийнхээ хаана юу хийж байгаа, хийх талаар мэдээлэл хангалттай болохоор санаа зовох зүйл байдаггүй. Монголын их дээд сургуулиудыг ажиглаад байхад эцэг эхчүүдтэй нь эргэх холбоотой ажиллах байдал дутмаг юм шиг санагддаг. Харин манай эцэг эхчүүд хүүхдээ оюутан болчихоор түүнд тавих анхаарал халамжаа багасгачихдаг. Сургуулийнх нь удирдлага, багш нар, эцэг эхчүүдийн хооронд тухайн оюутан өдөрт юу хийж байгаа талаар мэдээлэл байдаггүй нь цаашид анхаарвал зохих асуудал байх.
-Гэр бүлээрээ Америкт ажиллаж амьдарч байгаа юм байна. Эх орондоо хэзээ ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Одоогоор мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тэнд амьдарч байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орон нь уяатай байдаг. Хэзээ эх орондоо ирэх нь гол асуудал биш. Хаана байгаагаасаа үл хамаарч эх орныхоо төлөө юу хийх нь чухал. Гадаадад байгаа хүмүүсийг хэзээ ирэх вэ гэдэг уламжлалт сэтгэхүйг өөрчилмөөр санагддаг. Түүний оронд гадаадад байгаа ч гэсэн тэдэнтэй хамтарч юу хийх вэ, тэндээсээ юуг нь сураад, юуг нь судлаад ир гэдэг асуудлыг дэлгэрүүлээсэй гэж боддог.