СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-04-04

Г.Эрдэнэбат: Хууль зүйн сайд нь баримт авч ярихаар тэр зүйл үнэн болдог юм шиг байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

П.Оюунсувд

Сэтгүүлчийн үзэг үнэний бичиг, үнэний бэх байх ёстой. Нийгмийн сэтгэл зүй хүчтэй агаад тэр хэрээр онч мэргэн байх ёстой. Үнэний төлөө л сэтгүүлчид, хуульчид, улстөрчид “төрсөн” гэдэг. Олон түмний санаа бодолд үнэн, худал нь эс мэдэх мэдээллийг түгээх нь асар хортой болохыг эртний нэгэн сэтгэгч хэлсэн байдаг. Хүний тархи юу үнэн гэж хүлээж авна, түүнийгээ боловсруулдаг. Тиймээс аливаа мэдээллийг олон талын байр сууринаас, тэнцвэртэй эх сурвалжаас мэдээлэхийг өдөр тутмын сонинууд гол зарчим, ёс зүйгээ, сэтгүүлч хүн үүргээ болгодог.

Иймд “Ардчилал Таймс” сонины редакц бүтэн 21 жилийн турш улс төрийн, улстөрчдийн гол сэдвээ болгосоор ирсэн Дорнод аймгийн зон олны итгэлээр 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Дэд бүтцийн сайд агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр санаатайгаар бүрэлгэсэн гэх хэргийн үнэн мөнийг олохоор аль нэг нам, улс төрөөс хараат бусаар эрэн сурвалжилж байгаа болно. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын нууцаас гаргасан гэх 27 минутын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд Төрийн ордонд үзүүлснийг улс даяар мэдэж буй. Энэхүү бичлэгт нэр холбогдож, буруутан хэмээн сэрдэгдэж буй гол хүн бол Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат байв. Тэрбээр, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс эрс татгалзсан боловч манай сонины сэтгүүлчийн үнэний эрэлд гарсан дуу хоолойг хүндэтгэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны мягмар гаргийн дугаарт “Г.Эрдэнэбат: С.Зоригийн хэргийг гурван хүн үйлдсэн нь бүх баримтаар нотлогдчихоод байна” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн юм. Энэхүү ярилцлагын үргэлжлэлийг мэргэн уншигчид Та бүхэн болгоож, үнэний дэнсийг өөрсдийнхөөрөө дэнсэлнэ буй биз ээ.

-С.Зоригийн хэрэг дээр та ажилласандаа харамсдаг уу?

-Үгүй. Би харамсахгүй. Алдаа завхрал гарсан нь үнэн. Гэхдээ илрүүлсэн. Би итгэлтэй байна. Тэр олон нотлох баримтуудыг яаж үгүйсгэж, үнэнийг худал болгож нотлохыг нь л харъя.

-Сая ажлаа гэнэт өгчихлөө. Энэ нөхцөл байдлаас болов уу. Яагаад өгөв?

-. Өнөөдөр Монгол Улс Ерөнхий прокуроргүй болоход л тэндээс гарах шийдвэр байхгүй болно. Хуульд дараагийн хүн томилогдохоор гэж хийгдсэн учраас хүлээж байсан юм. Гэтэл Үндсэн хуулийн бус аргаар, ҮАБЗ зөвлөмж гаргаж шийднэ гэхээр яах вэ. Янз нь одоо баталсан хуулийг нь цэцэд өгнө гээд шуугьж байх шиг байна. Шийдвэрээ гарга гээд өргөдөл өгсөн ч хүлээж авсангүй. Энэ яах вэ жижиг асуудал. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой. Эрүүдэн шүүдэггүй байх ёстой. Тогтолцоо нь өөрөө сонин болчихлоо.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Та хэр сайн таньдаг вэ?

-Танина. Хэсэг хугацаанд хуулийн туслахаар нь ажиллаж байсан. Ц.Элбэгдорж гэхээсээ илүүтэй, 2007 оноос Х.Тэмүүжин нарын хэсэг хуульчид хуулийн судалгаануудаа гадуур яриад явж байхад нь тухайн үед Ардчилсан намынхан “Хуулийн тогтолцоогоо засахгүй бол болохгүй байна. Хэтэрхий хаалттай, муу тогтолцоо юм. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна. Та нар чадах уу” гэж асуухад нь бид ажилласан. Миний судалж, мэдсэн, миний итгэл үнэмшлээ болгосон зүйлсийг хийх гэж байсан учраас би тэдэнтэй ажилласан. Тэгээд ч би улс төрийн ажилтан, намын хүн биш учраас прокурорын байгууллагад орсон. Өөрийн “Шинэчилье” гэж хийсэн ажлынхаа тогтолцооныхоо сул талд эргүүлээд сайхан хэрчүүлж байна даа.

-Төрд тангараг өргөж, үнэнчээр ажиллах боломж байна уу. Улс төрийн нөлөө их байдаг уу?

-Тийм тэнгэрлэг юм яриад яах вэ. Эрх мэдэл булаацалдаж, хууль шүүхийн байгууллагаар дамжуулан эрх мэдэл олж авах, эсвэл өшөө авах ажлыг олон жил хийлээ. Систем нь гажуудалтай учраас тэр. Оролдож, ноцолдож үзэвч эрх зүйн шинэчлэл хагас дутуу явж байна. Бүх талаараа хуучин тогтолцооноосоо бүрэн салж чадаагүй байгаагийнх. Тиймээс л эрх мэдлийн төлөөх тэмцлийн хэрэгсэл болоод явчихлаа. Эцэстээ, илд сэлмийг хэн авах уу гэдэг дээрээ туллаа.

-Том хэргүүдийн цаана их хэмжээний мөнгө эргэлдэж, бүх шатанд оролцоо байдаг гэдэг. Тэндээс хэсэг нөхөд хөрөнгөтэй болдог гэсэн явган гэх үү, дам яриа гардаг. Тийм байх боломжтой юу?

-Боломжтой. Шүүх эрх мэдлийн тогтолцоо үнэхээр хаалттай байна. Түүний гор нь ч гарч байгаа нь энэ. Би үзэж чаддаггүй. Нөгөө хүн нь үзүүлчих гэхээр хуулиараа хэрэгт орох гээд байдаг. Ийм л хаалттай тогтолцоотой. Тухайн үеийнх нь хуулиар асуудлыг шийдэнгүүт мундаг тэнгэрлэг юм яриад байдаг. Бие биенээ муулах болохоор байж болох хамгийн мундаг зүйл, зарчмуудыг ярьж чадаж байна. Бүх зүйл хөшигний ард нуугдан бугшаад яваад байгаа нь үнэн. Нэг бузар жишээ нь үүгээр илэрлээ, дахин хэлэхэд.

-Төрд ил, далд байх ёстой юм гэж бий. Өнөөдөр нууц гэдэг зүйл бүрэн утгаараа байхаа больж байх шиг. Хэрэв энэ бичлэг нийгэмд гарвал хэр аюултай байх бол?

-Одоо ч бараг ялгаагүй болчихлоо доо. . Тэгж харагдаж ч байгаа юм чинь. Угтаа энэ хэргийн үнэнийг илрүүлэхэд эрх мэдэлтнүүдээс өөр саад болж байгаа зүйл юу ч байгаагүй. Тэр шударга гэгдээд байгаа гишүүд тогтолцоогоо өөрсдөө мэдэж байгаа. Гэсэн ч хүмүүсийн мэдүүлгийг өөрчлөх гээд зүтгээд байна. Одоо тэр хүн гартаа мундаг том “хөзөр” атгачихлаа. Цаашид яаж тоглохыг нь харах үлдлээ. Төрийн бүх эрх мэдлийг ҮАБЗ гартаа авлаа. Одоо би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Дэлхийн хаана ч байхгүй зүйл мөн үү гэвэл мөн. Яах вэ, хаант засаглалтай улсад тийм байж магад. Тэд 1992 оноос хойш мөнгө, эрх мэдлээ булаацалдсан. Харин одоо хүн гэсгээж, өшөө авдаг үйл явц руу бүрэн орчихлоо. Дараа нь ямар аймар үйл явдал өрнөхийг таашгүй нь.

-Нууцын зэрэглэлтэй хэр олон хэрэг байдаг вэ. Нууц хэрэг анх удаа задарч байгаа нь энэ үү, эсвэл өмнө нь задарч байв уу. Цаашид задрахгүй гэх баталгаагүй болчихлоо?

-Нууцын зэрэглэлтэй тийм олон хэрэг байхгүй. Тагнуулын байгууллага үүнийг сайн мэдэж байгаа. Тоог нь хэлэх нь өөрөө бас нууц. . Нууцад хамаарч байсан н.Цахилгаан гуайн хүүгийн Жаргалсайханы хэрэг гэж байдаг. Тухайн үед өмгөөлөгч нарын тэмдэглэлийг ч нь өгөөгүй. Нууцын талаар гарын үсэг авч, энэ хэргийн талаар ярьж болохгүй гэж. Энэ хэргийг тийм л болсон гэж ярьдаг. Цагдан хорих байранд шүүх хурал хийж л байсан. Ганцхан энэ хэрэг дээр ингэж байгаа мэтээр яриад байх юм. Хүмүүс ч их амархан мартах юм. Урьд нь байсан шүү дээ. Хэчнээн шүүх хурал хаалттай явж, түүнийг нь үзүүлээгүй билээ. Бас долдугаар сарын 1-ний хэргээс өгсүүлээд зөндөө юм бий. Яривал их юм бий.

-Бичлэг үзэж байхад, Төв аймгийн ШШГЕГ-ын цагдан хорих төвийн хонгилд ямар ч хүн хорих боломжгүй нөхцөл байдалд Б.Содномдаржааг байцаасан байна лээ. Та ажлын хэсгийн ахлагч нь байж тэр газар дээр нэг ч удаа очоогүй хэрэг үү. Яагаад нөхцөл байдалтай танилцаж, хууль бус үйл ажиллагааг даруй зогсоогоогүй юм бэ?

-Би очсон ч камер луу орж үзээгүй. Камерт орох боломжгүй. Бичсэн тэмдэглэлээс нэг хэргийн хоёр холбогдогч нэг дор байгааг олж мэдсэн. Ингээд зургаа дахь хоногоос “Энэ үйлдлээ зогсоо” гэсэн, тэгээд ч зогссон. Хожуу мэдсэн учир нь миний эрх үүрэгт цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцана гэсэн заалт байхгүй. Энэ их төвөгтэй л дөө.

-Тэнд байрлахгүйгээр өөр газар байрлуулж болдоггүй юм уу. Яагаад заавал тэр газарт байцаадаг юм бол?

-Үүнийг би мэдэхгүй. ШШГЕГ-аас цагдан хорих хүнээ хаана байрлуулахаа зохион байгуулдаг. Харин Тагнуулын Ерөнхий газар тэнд нь очиж техник хэрэгслээ тавьдаг болохоос биш прокурор нь очоод “За тэр өрөөнд оруул, одоо камераа энд тавь” гэж удирдахгүй шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч гээд бүх ажилд өдөр бүр оролцоод явдаггүй. Мөрдөгч гээд хүн ажлаа хийгээд, мөрдөөд явж байгаа. Би мөрдөгчийн хажууд очоод суухгүй. .

-Ажлын хэсгийн ахлагч байж мэдээлэл авах боломжгүй байдаг нь их сонин юм. Сайн ойлгодоггүй ээ?

-Нэг талаар сонин. Гэхдээ илтгэх хуудсаараа л мэдээлэл авна. Түүнийг л үзнэ. Ингээд ирсэн мэдээллийн дагуу хууль зөрчсөн шинжтэй байна уу гэдгийг хянаж, шийдвэрлэнэ. Ийм л ажил. Энэ бүх зүйл чинь баримт тоотоороо архивын нууц болоод нууцын зэрэглэлд ороод хадгалагдаж байгаа. Тагнуулынхны хийсэн ажил тагнуул дээрээ байгаа. Надад алдаа дутагдал гаргасан зүйл байвал шалгуулаад, тогтоолгоод хариуцлагаа хүлээгээд явж болно. Түүнээс биш, энэ асуудлыг хэн нэг улстөрч, нийгэм шүүж шийдэхгүй. Хуулийн дагуу л явах учиртай. Хууль зүйн сайд нь үүнийг мэдмээр юм. Би өөрт тань, нийгэм, олон нийтэд ингэж, тэгж ажилласан гэдгээ детал бүрээр нь яриад байна л даа. Уг нь хуулиараа шүүхийн өмнө ярих ёстой. Харин одоо хэн эхэлж хэвлэлээр ярьсан нь шийдэх гээд байгаа ч юм шиг. Бүр үнэхээр утга алга. Хэлэх ч үг олдохгүй байна.

-Нууцын ажилтан өөрийгөө яаж хамгаалах вэ. Мөрдлөгийн үед бие биенээ сэрдэх ажил гарах уу?

-Мэдээж гарна. Нууцын ажилтан өөрөө туслах нууцын ажилтантай байя гэж бодъё. Хэдхэн хүн түүнийг нь мэднэ. Гэтэл түрүүнд би хэлсэн дээ. Монгол хэдүүлээ билээ гэж. Хэцүү л дээ. Тагнуул гэхэд дотроо маш нарийн дэг жаягтай. Түүнийг нь бэхжүүлдэг техникийн ажилтнууд нь бас дотроо удирдлагатай. Тэгээд гүйцэтгэх ажилтан үзэж харж болдоггүй гээд л. Ийм л зохион байгуулттай байх жишээний. Тагнуулын буюу тусгай албаны хаалттай систем мөрдлөгийг үзэж харахад саад болдог. Энэ нь ч зөв байх. Тийм болохоор тэд хатуу байр суурин дээрээ байдаг. Үүнийг ойлгох хүн ч байна, ойлгохгүй хүмүүс ч байна.Тагнуулын гүйцэтгэх ажилтнууд нэг прокурорт удирдуулах уу, бод доо.

-Бичлэг дээр Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг “Чи паар“ -ыг алсан. Чи гэр бүлээр нь шатаагаа биз дээ” гээд зодож нүдээд байсан. Хууль зүйн сайд үүнийг тайлбарлахдаа “Тэр паар гэх хүн энэ хэрэгт сэжиглэгдэж хоёр сар байцаагдаж байсан хүн” гэж хэлсэн. “Паар” гэдэг нь миний ойлгосноор хоч нь юм шиг байгаа юм. Энэ хүн хэн юм бэ. Энэ хэрэгт холбоотой шалгагдаж байсан уу. Бичлэгийн дараа Ц.Нямдорж сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэр хүний ахыг дэргэдээ суулгаж байгаад энэ хэргийн талаар ярьсан?

-Тэр хүнийг н.Отгонбаатар гэдэг. 2004 онд гэр бүлээрээ шатаж, амь насаа алдсан байдаг. “Паар”-ын тухай Ц.Амгаланбаатар мэдүүлэг өгсөн юм. Тэгээд тэр “паар” гэх буюу н.Отгонбаатар чинь яадаг хүн бэ гээд мөрдөгч нар ажилласан. Тэгсэн шатаад үхсэн хүн байж.

Ц.Амгаланбаатар ярихдаа “Б.Содномдаржаа бид хоёр үүднээс нь гэрийг нь шатааж алсан” гэсэн. Ингээд хэргийг нь шалгаад үзтэл бага насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт шатсан байдаг. Мөрдөн байцаагч энэ хэргийг шалгаж үзээд эргэлзээтэй байна гэдэг. Галын дүгнэлт нь цахилгааны холболтоос болсон гэж гарсан. Гэтэл галын шинжээчийн дүгнэлтийг харахаар гал нь үүднээсээ гарсан гэдэг. Ингээд сэргээгээд шалгасан. Цогцсыг задлан шинжлэх хэрэг гарсан. Энэ их эмзэг асуудал. Энэ хэрэг дээр сэжиглэгдэж байгаа хүний ДНК-г авах шаардлага гарсан. Яалт ч үгүй, шарилыг гаргаж аваад, буцаагаад оршуулсан асуудал гарсан. Тэр өмнөх амьдралын нарийн ширийн нууц нь их төвөгтэй. Хоёулаа ингэж хувь хүний нууцыг яриад байж болж байна уу. Хэрэгт нэг их ач холбогдолтой биш дээ. Өнгөрчихсөн хүнийг холбоотой байна уу, гэж шалгах нь бас утгагүй байсан. Ар гэрийнхэн нь эмзэглэх нь аргагүй. Тэгээд ч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар хоёрт энэ хэргээр нэмж ял өгсөн.

-Ц.Амгаланбаатар гэдэг этгээд чинь сэтгэцийн асуудалтай юм биш үү. Хүн бүрийг л би алсан, би мэднэ гээд байх юм. Эсвэл энэ хүний цаана зохиол яваад байна уу?

-Хөндлөнгөөс бид энэ хүн сэтгэцийн өвчтэй гэж дүгнэж болохгүй. Сэтгэцийн шинжээч нарын дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэж гараад байдаг. Хуулиараа хүн амины гэмт хэрэг дээр заавал сэтгэцийн шинжилгээ хийдэг. Урд өмнөх гэмт хэргүүдийг нь судлахаар ёстой нэг жигшүүртэй гэмт хэрэг хийдэг хүн үү гэвэл тийм. Бас л хэргийн нууц ярьчих гээд байна. Түүнээс биш олон юм байна. Яривал бас та жигшинэ.

-Барууны кинон дээр хүнд ноцтой гэмт хэрэгтнүүдийг ашиглан хэрхэн хэрэг хүлээлгүүлж, дарамталж байгаа талаар гардаг. Тэр бичлэгийг үзэж байхдаа Монголд үүний нэг жишээ нь Ц.Амгаланбаатар юм байна гэж бодогдож байсан?

-Сайн олж харжээ. Би үүнийг л яриад байна. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь яг л ийм зүйл болдог гэж хэлээд байгаа юм шүү дээ.Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчихгүй, зодуулахгүй, эрх чөлөөнд нь халдуулахгүй гэж бид тэднээс шаарддаг, тийм хүсэл эрмэлзлээр хийлгэх гэж оролддог. Гэтэл бодит байдал ийм л байна. Би үүнийг л яриад байгаа юм.

Цагдан хорих байр нь гэмт хэрэг хийсэн хүн оргох магадлалтай, эсвэл дахин гэмт хэрэг үйлдэх гээд байгаа, мөн хэрэг илрүүлэхэд саад учруулах магадлалтай гэсэн үндэслэлээр тухайн хүнийг тусгаарладаг газар. Гэтэл үүнийг нь хасчихаар “Та нар тусгай албаны ганц хэрэг илрүүлдэг хэсгийг хаах, хянах гэлээ” гээд нөгөө заалтыг хасаж, өөрөөр оруулж ирдэг гэж хэлэх гээд байгаа санаа юм.

Х.Тэмүүжин сайд байхдаа үүний төлөө их явсан, тэмцсэн. Гэсэн ч болоогүй.

Хуулийн нэр томьёо үгийг нь хүн харахаараа ойлгодоггүй. Цаана нь ийм хачин балиар юм явдаг гэдгийг мэддэггүй. Нэг тийм зовлонтой нөхдүүдийг л нөгөө тусгай албад чинь элсүүлж авна. Чамайг ингэвэл, бид дараа нь чамайг тэгнэ гэж. Энэ журам нь нууц. Ийм нөхрийг л олж авч нөгөө этгээдэд нөлөөлдөг. Тэгээд үүнийг тэр байгууллагуудын дарга нар нь энэ арга социализмын үеэс хэрэглэж ирсэн шалгарсан арга гэж тайлбарладаг. Энэ гол арга учраас үүнийгээ өмөөрч ярьдаг. Энэ арга байх ёстой. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явагдах ёстой гэж хэлдэг. Би ер нь болохгүй л юм яриад байна шүү. Бас яг энэ арга нь амьдрал дээр очоод яг энэ үр дүнгээрээ гардаггүй. Ихэнх тохиолдолд хальтардаг.

-Гагц өнөөдрийн энэ хэрэг дээр илэрч байгаа юм биш. Урьд нь цагдан хорих байгууллагад олон өөр зөрчил, хэрэг илэрч байсан. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссынхон мэдэгдэл хийж байх шиг байсан?

-Тийм. Олон гомдол гардаг шалгахаар үр дүнд хүрдэггүй. “Хэн байсан бэ” гэхээр “Гүйцэтгэх ажиллагааны нууц” гээд ам тагладаг. Ингээд л хана мөргөнө. Хуультай гэж хэлэхэд хэцүү. Цагдан хорих газарт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэсэн заалт бий. “Нотолъё” гэхээр нууц юм руу явна. Хүний эрхийн комисс өчнөөн шаардлага хүргүүлээд нэмэргүй, дуугарах гишүүн байхгүй. Хүмүүс “Ажлаа олигтойхон хийхгүй яасан юм” гэж байна. Ажлаа сайн хийхийн тулд хууль хэрэгтэй, бас эрх хэрэгтэй. Энэ бүхнийг би нэг бүрчлэн ярьж байгаа нь өөрийгөө өмөөрч ярьж байгаа юм биш, тогтолцоо нь л ийм гэж ярьж байна. Зөвөөр ойлгоорой. Цаад санаа нь гэвэл, улс төрийн тоглолтондоо бол ашиглаж болно, өөр хэрэг дээр бол ашиглаж болохгүй.

-Монголд төр гэж байна уу. Та төртэй орны иргэн мөн үү?

-Би ийм философилог асуултанд хариулмааргүй байна.

-Та дахин прокуророор ажиллах уу?

-Ажиллана гэж бодогдохгүй л байна.

-Уучлаарай намайг. Гэхдээ хууль хүчнийхэн дур зоргоороо ажилладаг юм шиг санагдлаа?

-Би энэ асуултанд үгүй гэж хариулна. Авлигатай тэмцэх газар, прокурор хэрэг илрүүлэхгүй гэж ярьж байгаа энэ хүмүүст тоо байна уу. 2. Улс төрийн энэ балиар зохиолоос шалтгаалан хуулийн систем хамаагүй удаан ажилладаг нь үнэн. Хараат бусаар ажиллах гэж тэсч дийлэхгүй, үнэндээ бууж өгч байна. Хүмүүс ч одоо залхаж шантарч эхэллээ. Нийгмийн сэтгэл зүйгээр дайралт хийдэг аргаараа хүмүүсийг буулгаж авч байгааг харлаа, үзлээ.

-Энэ олон үнэн дотроос яг аль нь үнэн гэж ялгаж, салгаж чадахгүй болтол нь мэдээллээр тархи угааж байна. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг?

-Аймар технологи явж л байна даа. Өөр юу хэлэх вэ дээ.

-Та өөрөө сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авч байна?

-Би олон юм үзсэн өгөр суусан толгой биш. Надад нэг л итгэл, үнэмшил бий. Сайн ч бай, муу ч бай хуульч гэсэн нэр зүүсэн хүн би. Энэ хэргийг шалгаад нотлох баримтаар нотолсон. Юу үнэн, энэ үнэн. Би үнэнд итгэж байна. Тэр хүнийг “Үг дуугүй олон юм ярилгүй хэрэгтэн болго” гэдэг систем бий болчихвол үг дуугүй л арчигдах байх, би. “Энэ хүн зохион байгуулсан нь үнэн юм байгаа биз дээ” гээд доромжилчхоор үүний эсрэг юу хийдгийг би үнэндээ сайн мэдэхгүй байна. Би улстөрч биш. Надад энэ хүн үнэн яриад байна гэж бодогдтол ярьдаг чадвар байхгүй, ерийн нэг хуульч хүн. Үнэхээр хүчин мөхөстөж байна.

Мэдээж, энэ ярилцлага тавигдахаар над руу мянган дайралт ирэх байх. “Энэ амиа аврах гэж ингэж ярьж байна” гэх мэтээр. Зөвхөн ямар нэг зүйл болбол баримт нь үлдэг гэж үүнийг ярьж байгаа нь энэ. Өнөөдрийг хүртэл хуульд үдүүлээд дуугүй л явлаа. Хууль зүйн сайд нь өөрөө гэмт хэрэг үйлдээд, нотлох гэж байгаа баримтыг авч ярихаараа тэр зүйл үнэн болдог юм шиг байна. Тэгвэл хууль сахиулж байгаа прокурор нь энэ гээд өөр баримт гаргаад явахад хэцүү байлаа. Өнөөдөр яах вэ ажлаа өгчихлөө. Энэ богинохон боломжид ийм зүйл болсон шүү гэдэг үгээ хэлээд үлдээчихье. Боломж олдохгүй байж магад гэж бодлоо. Дараа нь юу л болбол болог. Би энэ цагийн урсгалыг яаж дийлэх вэ дээ.


Өнөөдөр Монголын нийгэмд бие биенээ гутаан доромжилж, өөдтэй нэр зүүхээргүй л гундаалаа.

Үүний нэг нь би боллоо. Манай найз “Саяхан л чи мөнгө төгрөг хээл хахууль, хууль бус зүйлд орооцолдохгүй явсан хүн. Гэтэл харин ч бүр эсрэгээрээ нэг мөсөн ийм том зүйлд орооцолдох гээд яваад байсан юм уу” гэж байна. (инээв) Бас л айхтар үг шүү. Намайг мэддэг найз маань тэгж байна гэхээр. Улс төр хүнийг ийм л болгодог юм байна. Тархи угаалтыг сайн хийж чаддаг юм байна гэхээс өөр би одоо юу ярих вэ. Ийм дайралт болно гэж огт бодоогүй, тооцоолоогүй.

-Тэр бичлэгийг үзээд ажлын хэсгийн хүмүүс ийм ажиллагаа явуулдаг юм байна гэж бодсон. Хууль зүйн сайд хэрэг хүлээлгэхдээ хууль бус арга ашигласан гэж тайлбарласан. Тиймээс л Таны байр суурийг сонсъё гэж бодлоо?

-Хэлж мэдэхгүй байна. Яагаад үүнийг хөзөр болгон гаргаж ирэв. Би энэ талаас нь харж байна. Цаашид С.Зоригийн хэргийн мөрдөх ажиллагааг ямар ч зорилгогүй зогсоох ажиллагаа л явж байна гэж харж байна. Одоо ч үүндээ итгэлтэй байна. . Улаан цайм гэмт хэргийн аргаар энэ бүхнийг хийгээд л. Ерөөс улайрсан зүйл л боллоо. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөндөө хариу үйлдлүүд хийсэн.

Тэр нь илэрч, шалгаад эхлэнгүүт сандарч, хууль зөрчин байж, гэмт хэрэг үйлдэн байж энэ хэргийг зогсоож байна.

Ийм л байдалд хүрлээ тэр хүн. Энэ хэргийн захиалагчийг хайсан, гүйцэтгэгчийг олсон. Захиалагчийг олчихвол саад учруулаад байгаа хүнд маш аюултай нөхцөл байдал үүсчихээр байгаа учраас гэмт хэргийн аргаар энэ үйлдлийг хийж байна. Анзаарвал, өнөөдрийг хүртэл энэ хэрэг илрэхгүй байгаад захиалагчийн үүрэг оролцоо ямар түвшинд байгаа нь харагдана. Хүмүүс хэлдэг л дээ, тэр хүнд. “Энэ хэргийг илрүүлэхэд чи дандаа саад болдог” гэж. Гэтэл энэ дуу хоолой үнэхээр сул байна. Ойлгомжтой юу. Чанга дуу нь их байна. С.Зоригийн хэрэг “Илэрсэн. Гүйцэтгэгчийг олсон”, “Захиалагчийг нь олуулахгүй гэж” гэмт хэрэг үйлдэн байж тэмцэж байна. Бүх нотлох баримтыг яаж баллахыг би хэлж мэдэхгүй. Хорон аргууд юу байх бол. Ингэж л энэ хэргийн захиалагчийг явцгүй болгож байгаа нэг арга. ҮАБЗ, АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлснөөр ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгож ямар хэргүүдийг мөрдөх бол. Энэ их сонин. Үүнийг заавал харах ёстой.


-Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ хэрэгт хамаатай юу?

-Ямар ч холбоогүй. Яагаад буруутгаад байна вэ гэхээр, энэ хэрэгт холбоотой хүнийг чи хэргээ хийгээгүй гээд хүлээчих гэсэн зүйлээс болж шалгаж эхэлсэн. Хүн тамлан зовоосон асуудал болох энэ хэрэг, хэргийн нотлох баримтыг олон нийтэд үзүүлсэн, энэ хэргийг хэн гаргав гээд энэ гурван үндэслэлээр хэрэг нээснээс болж буруутгаж байгаа байх. Яагаад гэхээр энэ үед Д.Баярмагнай прокурор Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байгаа болохоор тэр. Инээдтэй байна уу. Тийм болохоор тэр хүний дайсан болчхоод байгаа юм. Амар байгаа биз. Хэвлэлээр зарлаж байгаад энэ хэргийн холбогдогч энэ тэр гээд зарлаад л. Уг нь хууль нь зарлах ёстой биз дээ.

-Хоёр том улс төрийн нам хэдэн хэсэг болж хуваагдаад, сошиалаар хэрэлдээд байх юм. Энэ одоо ямар учиртай юм бол?

-Харин тийм.

-Та Д.Дорлигжав прокурортой ямар холбоотой вэ?

-Зүгээр. Одоо энэ хүн хэрэгт холбогдоод буруутгагдаад явж байна. Би хамтарч ажиллаж явсан. Санал зөрөх асуудал гардаг. Миний Ерөнхий прокурор байсан.

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр холбоотой вэ?

-Зүгээр. Урьд нь таньдаг байсан.

-Прокурорын үйл ажиллагаа яаж явдаг юм. Нийт масс прокурор бүх зүйлийг мэддэг юм шиг ойлгодог?

-Эхлээд хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. 2017 оны өмнөх 2017 оноос хойших прокурор хоёр өөр. 2017 оноос өмнөх хуулиудад Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны идэвхтэй оролцогч байгаагүй. Яагаад гэхээр эрх, хэм хэмжээ нь өөр байсан. Хэргийг үзээд эцсийн шатанд шүүхэд шилжүүлдэг. Гүйцэтгэх ажиллагаанд таван төрлийн зөвшөөрөл олгодог байв. Өгсөн зөвшөөрлийн хүрээнд хянадаг албан тушаалтан байсан. Энэ үеийн прокурорыг өнөөдрийн прокурортой харьцуулж огт болохгүй. Гол тоглогч байгаагүй. 2017 онд Эрүүгийн хууль, Прокурорын хуульд өөрчлөлт орсон. Удирдан чиглүүлэх рольтой тоглогч болсон. “Ийм зүйлийг хий, ингэж шалга” гэдэг эрхтэй болсон. Одоо энэ яриад байгаа гүйцэтгэх ажлын хүрээнд явсан материалыг үзэх эрхтэй болсон.Тэгэхээр их том боломжууд нээгдсэн гэсэн үг. Өнөөдрийн прокуророос нэлээд зүйл нэхэж болно. Хэргийн талаар чи мэдэж байх ёстой гэдэг ч юм уу. Энэ ажиллагаа яаж явагдсан гэж үзэж болно.

.

-Таны хардагдахад хүргэж байгаа гол зүйл нь?

-Ажлын хэсгийн ахлагч, тодорхой хяналт тавьж ажиллуулах ажил хоёрыг хавсарч хийсэн нь өнөөдөр хардагдахад хүргээд байгаа юм. Цагдаа, тагнуулын ажлын хэсгүүд өөр, өөрийн удирдлагатай. Надаас асуухгүй өөрсдөө төлөвлөдөг. Би бас түүнийг нь яг ингэж хий гэж зааж зөвлөж чадахгүй. Хийх ажлуудын ерөнхий төлөвлөгөө гаргаж, би баталсан тохиолдлууд бол бий.

-С.Зоригийн хэрэг дээр ажиллахдаа танаас шалтгаалахгүй алдаанууд гаргасан юм байна гэж ойлгож болох уу?

-Алдаа гаргасан. Тэр алдаа нь юундаа байсан бэ гэдгийг хууль тогтооно. Надаас шалтгаалахгүй зүйл ч бий, хамаарах зүйл ч их бий. Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй. Энэ хэрэг нотлогдсон. Энэ заваарсан балиар зүйлээс болоод зарим нотолгоо яахыг мэдэхгүй.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн ажлын хэсгийг байнга сольдог гэж ярьдаг. Ажлын хэсэг олон удаа солигдсон байх шүү?

-Миний мэдэж байгаагаар намайг ажлын хэсгийн ахлагчаар томилогдон очиход 10 гаруй удаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байдаг. Би үүнийг шууд Ц.Нямдоржтой холбоотой гэж хэлж чадахгүй, яагаад гэвэл баримтгүй юм. Б.Хурц энэ хэргийн ажлын хэсэг ингэж олон солигдож байгаа нь ойлгомжтой шүү дээ гэж ярьж байсан. Яагаад гэвэл цагдаагийн даргадаа үүрэг өгөөд солиулаад байдаг Ц.Нямдорж гэж дуугарч байсан. Хууль зүйн сайдыг ямар ч баримтгүй ярихад хүмүүс итгэдэг. Бүү мэд юундаа байдгийг. Жишээ нь баримт гаргаад яривал итгэхгүй л дээ. Энэ хүн ингэж саад болсон, ийм нотлох баримт байна гээд үзүүлмээр байна. Гэтэл хүмүүс “16 настай хүүхэд хүн ална гэж юу байдаг юм. 18 жилийн өмнөх зүйлийг хүн яаж санах юм” гэж хэлдэг.

-Б.Булганыг 10 сар хорихдоо эрүүдэн шүүж байсан уу. Тийм бичлэг үзүүлсэн юм уу?

-Үгүй.

-Б.Булган гомдол гаргасан. Тухайн үед хэрэг гарахад охин маань ээж дээр байсан. Одоо насанд хүрсэн. Гэтэл миний охиноор оролдоод байна гэж Ц.Нямдорж сайдад гомдол гаргасан гэж хэлсэн. Тийм зүйл байгаа юу?

-Миний үед лав энэ асуудлыг яриагүй. Сүүлд захиалагчийг шалгаж ажиллаж байгаа ажлын хэсэг Б.Булганыг яллагдагчаар татаад байгаа. Тэд тийм ажил хийсэн үгүйг мэдэхгүй. Миний үед энэ хэрэг илэрсэн нь үнэн. Одоо бол нотлох баримтуудыг үгүйсгэх нь хэсэг бүлэг хүмүүст чухал байгаад байх шиг байна. Т.Чимгээгийн үйлдлийг нотолсонтой холбоотой гүйцэтгэх ажлын баримт бол байгаа. Түүнийг устгах байх энэ байдлаараа. Тэнд ямар ч эрүү шүүлт байгаагүй. Гэрчүүдийг яах гэж байгаа юм.

-Хууль зүйн сайд хэргүүдтэй танилцах үүрэгтэй юү. Хэргийн баримтуудыг олоод яриад байх юм?

-Байхгүй. Тэгсэн мөртлөө “Би өөрөө баримт олох боломжгүй” гэж хэлдэг. Тэгээд олоод л яриад байна даа. Жирийн хэрэг биш бүр ноцтой, том хэргийн баримтуудыг олж ярьж байгаад гайхаж байна.

-Хуулиар нууцын зэрэглэлтэй материалуудыг хэн гаргах эрхтэй юм бэ?

-.

-С.Зоригийн хэрэг хоёр дахь удаагаа нууцаас гарч байх шиг байна?

-Тийм. Энэ хэргийг шийдвэрлээд дуусангуут нь тухайн үеийн Ерөнхийлөгч тагнуулаас дүгнэлт гаргуулж, зарим хэсгийг нь нууцаас гаргаж байсан. Тэр бол цэвэр шоу болгож байсан. Ер нь бид цаашид ямар улс болох юм. Бүх эрүүгийн хэргийг шалгаж үзээд хүний хувийн нууцад нэвтрээд зарлаад байх уу. 65 хавтас хэрэг байгаа. Тэр дотор түмэн зүйлийн юм байна. Тэгвэл тэрийг үзэж гарга л даа. Болдог юм бол. Би энэ ажлын хэсэг дээр нэг зарчим барьсан. Хэргийг мөрөөр нь хуулийн дагуу явна гэж. Өмнө нь янз бүрийн хүмүүс ажиллаж байсан. Тиймээс би мөрдөх гэдэг чинь мөрөөрөө л явахыг хэлнэ гэдэг зарчмаар явсан. Бүр гадаад улсын мөрдөх албанд хүн байцаагаад өгөөч гэж хүртэл хүсэлт тавьж байсан. Баримт бүрийг шалгасан. Ингэж явж байхад баримтын дунд тэр нөхөр орж ирсэн.

-Дамирангийн Энхбатыг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн 2004 онд “Хөх толбо” сонинд ярилцлага өгсөн байдаг. Ц.Нямдорж сайд энэ хүнийг хэрэг хүлээлгэ гэж хэлдэг байсан гэж. Түүний өмгөөлөх эрхийг Ц.Нямдорж сайд хассан гэж сонссон?

-Тийм өмгөөлөгч байдаг. Энэ талаар Л.Санжаасүрэн гуайгаас өөрөөс нь асуусан нь дээр байх. Д.Энхбат нас барсан гэдэг хэрэг тусдаа. Би энэ хэргийг сайн мэдэхгүй байна.

-Үнэн гэж байдаг уу?

-Байгаа. Үнэн байлгүй яах вэ. Баримтыг яаж үгүйсгэх юм. Хуулчийн хувьд баримтыг үнэн гэж үзнэ.

-Ц.Нямдорж сайд энэ хэргийг зохиомлоор хэдхэн прокурорын хийж байгаа ажил гэж яриад байгаа?

-Эрүүгийн долоон шүүгч байдаг. Үүний тав нь ёстой аюултай гэх юм. Угаасаа энэ тав байгаа. Өөр шүүгч байхгүй. Хэрэг дээр ээлжлээд л орно шүү дээ. Тухайн үед таарсан хэргийг л авна.

-Авлигатай тэмцэх газар байх нь зөв үү?

-Байх ёстой. Хэрэг мөрддөг газар УИХ-аас томилогддог байж болохгүй. Энэ тогтолцооны гажуудал. Прокурорын хий гэсэн ажлыг бас хийдэггүй нэг асуудал байна. Энэ бол том зовлон. Үүнийг бусад улс засаад Прокурорын дэргэд мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг алба байдаг. Нөгөө шалга гэсэн байгууллага шалгахгүй бол шалгахгүй. Хоорондоо зөрчилдөх тохиолдол байна.

-Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх боломжтой юу. Хөрс нь байна уу?

-Миний бодлоор Монгол Улс парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай ч улс биш. Шинжлэх ухаан талаас нь яривал холимог. Би хяналт тэнцвэр нь алдагдсан улс гэж хардаг. Бие биедээ хяналт тавьж, хариуцлага тооцдог байх ёстой. Үүнийгээ бүх шатандаа алдсан. Ямар ч албан тушаалтныг хянах боломжгүй. Үүнийгээ аль ч хуулиндаа бичээгүй. Жишээлбэл, Ерөнхий прокурорыг хянадаг, шүүхийг ч хянадаг байх ёстой. Энэ зохицуулалтыг хийж өгөх ёстой. Яг энэ хямралын гор өнөөдөр гарч байна. Гэхдээ хяналт, тэнцвэрийн зарчмыг өнөөдрийн ийм аргаар хэрэгжүүлдэггүй. Хэнд ч хянагдахгүй ҮАБЗ-тэй эргээд хариуцлага тооцох зүйлгүй болчихлоо.

-Ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.