Оросын жүжигчин Алексей Булдаков Монгол улсад хувийн ажлаар ирээд байхдаа зочид буудалд энэ сарын 2-нд зуурдаар нас барсан тухай Оросын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Түүнийг монголын үзэгчид “Үндэсний агнуурын онцлог” (Особенности национальной охоты) киногоор нь сайн таньдаг билээ.
Тэрээр Улаанбаатарын нэгэн зочид буудалд буудаллаад байсан ба болзсон цагтаа таксины жолооч түүнийг авахаар ирэхэд бууж ирээгүй, буудлын угтах ажилтанд хандсанаар өрөөндөө нас барсан байхыг олжээ. Урьдчилсан байдлаар "зүрхний хурц дутагдалд орж амьсгал хураасан" гэж дүгнэж байгаа юм байна.
Жүжигчин Алексей Булдаков Монгол улсад ямар зорилгоор ирсэн талаар тодорхой мэдээлэл одоогоор олдоогүй ч Байгаль нууранд зохиогдсон загасчлалын наадамд уригдан оролцоод Улаанбаатарт ирсэн, Монголд кино зурагтай байсан, дотны найзынхаа төрсөн өдөрт ирсэн байсан гэх мэтээр янз бүрээр таамаглан бичиж байгаа ажээ.
Уг нь тэрээр тавдугаар сарын 3-нд Москва буцаахаар тийз захиалаад байжээ.