Уганда улсад аялж байсан Америкийн 35 настай эмэгтэйг бүрэн зэвсэглэсэн дөрвөн этгээд жолоочийнх нь хамт барьцаалсан байна. Барьцаалагчид эмэгтэйн гар утсыг ашиглаж Угандагийн цагдаагийн газар луу залган 500,000 ам.долларын барьцаа шаарджээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 18-19 цагийн хооронд Хатан хаан Элизабет үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явж байсан жуулчдыг зэвсэгтэй дөрвөн этгээд зогсоосон байна. Зэвсэгт этгээдүүд бусад жуулчдад гэм хор учруулаагүй ч Америкаас ирсэн жуулчин эмэгтэйг 48 настай Угандагийн иргэний хамт барьцаалжээ. Барьцаанд байгаа Угандагийн иргэн олон жил жуулчдад үйлчилсэн туршлагатай жолооч юм байна.
Хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэн Ардчилсан Конго улсын хилтэй ойрхон тул барьцаалагчид хил давсан байж магадгүй гэж цагдаа нар үзжээ. Угандагийн Иргэний батлан хамгаалах хүчин, Жуулчдыг хамгаалах цагдаагийн газар хамтран барьцааны иргэдийн байршлыг тогтоож, нэн даруй аврахаар ажиллаж байна гэжээ. Зэвсэглэсэн этгээдүүдийг хил даван зугтахаас сэргийлж хоёр улсын хилийг хамгаалж, тусгай хүчний цэргүүдийг тараан байршуулаад байна.
Аялал жуулчлал бол тус улсын эдийн засгийг үүрдэг гол салбаруудын нэг
Жуулчдыг хулгайлсан цэцэрлэгт хүрээлэн улсын баруун өмнөд хил дээр 1,978 км кв талбайг эзлэн оршдог. Угандад дэлхийд нэн ховордсон уулын горилла мичний тэн хагас нь нутагшдаг. Жил бүр хэдэн зуун мянган жуулчин ирдэг ч тэдний аюулгүй байдлыг бүрэн хамгаалах нь чухал байдаг юм. 1999 онд Руандагийн зэвсэгт босогчид гадны найман жуулчныг хороосноор жуулчид аюулгүй байдалдаа сэтгэл зовних болсон. Мөн саяхан Британийн хоёр жуулчин зэвсэглэсэн этгээдүүд хулгайлж барьцааны мөнгө шаардаж эргэн сулласан байна.
Эх сурвалж: www.theguardian.com