Амиа алдсан эцгийнхээ дэргэд уйлж байгаа хүүгийн зураг Энэтхэгийн цахим сүлжээгээр тархжээ. Энэ зургийг Твиттер хуудсанд 7,000 удаа хуваалцаж, хүүг өрөвдсөн сайхан сэтгэлтнүүд гэр бүлд нь туслахаар хандив цуглуулж эхэлсэн байна. Өрөвч өгөөмөр сэтгэлтэй хүмүүс хүүгийн гэр бүлд 3 сая гаруй рупе буюу 43,800 долларын хандив цуглуулжээ.
Аниль 27 настай, Дэли хотод муу усны хоолойд ажилладаг байж. Ажлын байран дээрээ татлага олсноос унаж амиа алдсан. “The Hindustan Times” сонины сэтгүүлч Шив Санни амь үрэгдсэн аавынхаа дэргэж уйлж байгаа 11 настай хүүгийнх нь зургийг Твиттертээ нийтэлжээ. Сэтгүүлч зурган дээрээ “Би эрэн сурвалжлах сэтгүүлч учраас олон эмгэнэлтэй дүр зургийг харж байлаа. Гэхдээ урьд өмнө нь ийм зүйлтэй таарч байсангүй” гэж бичсэн байна. Анилийг амиа алдахаас өмнө 4 сартай бяцхан хүү нь уушгины хатгалгаанаас болж хорвоог орхижээ. Учир нь гэр бүлд нь эм худалдаж авах мөнгө байгаагүй гэнэ. 11 настай хүүгээс нь гадна 3, 7 настай охид нь өнчин үлджээ.
Жил бүр Энэтхэг улсад зуун хүн муу усны хоолойд ажиллаж байгаад амиа алддаг байна. Сэтгүүл Шив Санни энэ зургийг нийтэлснээрээ ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдаж байгаа хүмүүст анхаарлаа хандуулахыг хүсчээ. Эмгэнэлт түүх “Удай” төрийн бус байгууллагын санд хүрч, хандивын аян эхэлсэн байна. Энгийн иргэдээс Болливудын одод хүртэл олон хүн Анилийн гэр бүлд тусламжийн гараа сунгажээ. Хандивын мөнгөөр Анилийн хүүхдүүд сургуульд сурна гэж Шив Санни ярьжээ.
Эх сурвалж: www.bbc.com