🔴Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын янданг буулгаж, цахилгаан дулаан хураагуурын технологийг нэвтрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва:
-Нийслэл Улаанбаатар хот 2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган айлын янданг буулгах ажлыг эхлүүлнэ. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр төв талбайд хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийг урьж, энэ өвөл нэвтрүүлэх технологийг нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөх болно.
Уг технологи нь цахилгаанд суурилсан дулаан хураагуур бөгөөд гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд цахилгааны шөнийн тариф тэглэгддэг үед дулаанаа хураагууртаа хадгалж, өдрийн цагаар гэрээ дулаан байлгах зориулалттай туршигдаж буй шийдэл юм. Энэ нь үнэгүй зуух тараах ажил биш. Арилжааны банкуудтай хамтран иргэдэд таатай нөхцөлтэй ногоон зээлийн сувгийг үүсгэж, янданг буулгах боломжийг бүрдүүлж байна.
Цаашлаад гэр хорооллын бүсэд цахилгаанаар дулаанаа шийдвэрлэхэд эх үүсвэрийн өргөтгөл хийх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хүчдэл ачааллын ид үеэр унаж, цахилгаан хэрэгсэл хэвийн ажиллах боломжгүй нөхцөл үүсдэг. Иймд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нарны эрчим хүчнээс эх үүсвэр гарган гэр хорооллыг хангах төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Цахилгаан станц барихаас илүү богино хугацаанд үр дүнгээ өгөх жижиг хэмжээний батарей хураагууруудыг Шархад, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Дарь-Эх, Долоон буудал зэрэг гэр хорооллын бүсүүдэд барихаар төлөвлөж байна.
Энэ жилийн өвлийн бас нэгэн онцлог нь таван мянган айлыг хийн зууханд шилжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ нь агаарын чанарт эерэг нөлөө үзүүлнэ. Түлшний тухайд энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өмнө нь 180 мянган тонн шахмал түлшийг мидлингээр хийдэг байсан бол энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан нүүрсээр хийж байгаа тул тоосжилт, хүхрийн агууламж багатай түлшийг борлуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хорт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10-14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн инверсийн бүс буюу утааны нягтрал хамгийн өндөр зургаан цэгт 73 мянган айл амьдарч байгаагаас дээр дурдсан 7-10 мянган өрхийг сонгон янданг буулгах ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.
Утааг бууруулах хамгийн оновчтой гарц нь орон сууцжуулалт. Дахин төлөвлөлтөөр хохирсон хоёр мянга орчим иргэний асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдсан. “Андын зам”, “Бриллиант” зэрэг төслийн хохирогчдыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “1008 айлын орон сууц” болон “Солонго 1, 2” дэд төвүүд рүү шилжүүлэн орон сууцтай болгохоор болсон.
Түгжрэлийн тухайд 2026 оны аравдугаар сарын 26-ны даваа гарагт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 3-5 км/цаг хүртэл удааширч, “тэг зогсолт” болсон. Энэ нь шатахуун түгээх станцуудын дараалал авто замын нэг, хоёрдугаар эгнээг дамнаснаас үүдэн нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулсантай холбоотой. Үүнийг шийдвэрлэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмж, зургаан богино эргэлтийн шинэ чиглэл нээсэн.
Энэ өвөлдөө нийтийн тээвэрт 160 автобусаар парк шинэчлэл хийнэ. Үүнд 60 цахилгаан автобус, 40 хүүхдийн автобус, богино эргэлтийн чиглэлд явах 50 дунд оврын автобус багтаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр өдөрт дунджаар 640 мянган иргэн зорчдог байсан бол энэ өвөл энэ тоо 750 мянга болж нэмэгдсэн. Иймд бид үйлчилгээгээ бэлэн байлгаж, хүлээлтийн хугацааг багасгах шаардлагатай тул 160 автобусаар парк шинэчлэл хийж байна. Мөн хүртээмж багатай байгаа 16 чиглэлд 27.3 км шинэ шугам нэмнэ. Нийслэлийн иргэн бүрийн амьдарч буй орчноос 400 метр зайд автобусны буудал хүрэх боломж бүрдвэл нийтийн тээврийн ашиглалт сайжирна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.