Дорнод аймгийн Халх голын сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааг өнгөрсөн онд хийсэн. Тэгвэл уг хээрийн шинжилгээний ажлын тайланг хэлэлцэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний танхимд эрдэмтдийг оролцуулан зохион байгуулжээ. Үүний үр дүнд малтлагыг үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл энэ удаад Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Хүүхдийн овоо” байрлах Халхгол суманд ажиллаж, овооны одоогийн нөхцөл байдлыг үзэн нутгийн иргэдтэй уулзаж ярилцсан байна.
Эртнээс нааш Хүүхдийн овоог хүүхдэд ээлтэй хэмээн шүтэж, тахилга үйлддэг байсан мэдээ бий. Үүнийг нутгийн иргэд баталж байсан төдийгүй тус сумын малчин н.Балжинням гуай 1971 онд буюу түүнийг хүүхэд ахуй насанд усан дотор бурхан байсныг гэрчилж байлаа.
Ажлын хэсгийнхэн энэ мэтчилэн соёлын биет бус өв тээгч нартай уулзаж ярилцаж байна. “Соёлын биет бус өвийг өвийг тээгч” гэж тухайн өвийг сайн мэддэг, өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий ард иргэдийг хэлнэ. Иймд та бүхэн уг овоотой холбоотой түүх сонсож байсан бол ажлын хэсгийнхэнд хандах боломжтой юм.