Манай улсын улс төрд өрнөж байгаа асуудлын ард талд улс төрийн намууд байгаа юм. Тэрнээс биш улс орон хөгжихөд улс төрийн тогтолцоо, төр захиргааны байгууллага саад учруулж буй хэрэг биш. Харин улс төрийн намууд улс орон хөгжихөд саад учруулж байна. Улс төрийн намуудын бүх шатанд санхүүгийн ил тод байдлыг хангах, тайлан гаргах, мэдээлэл түгээх тогтолцоо санхүүжилтийг хариуцах албан тушаалтан байхгүй байна хэмээн “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнгийн танилцуулгын үеэр Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс хараат бус судлаачдын багийнхан дурдаж байлаа.
Санхүүжилтээ ил тод байлгахыг намууд ч өөрсдөө хүсэхгүй байгааг судалгаагаар тогтоосон байна
Дээрх судалгааны дүнгээс харахад намын гишүүд өөрийн намын санхүүжилтийн тайлангаа тэр бүр нэхэж чаддаггүй. Хандивлагчдын мөнгөөр санхүүждэг гэдгийг мэддэг ч хэн хэдэн төгрөг өгсөн түүнийг хэрхэн зарцуулсан талаарх санхүүгийн тайланг нэхдэггүй. Хэрвээ нэхэх юм бол маш их дарамтанд оруулдаг. Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам байгаагаас санхүүжилтээ ил тод зарладаг нам байдаггүй. Санхүүжилтээ ил тод байлгахыг намууд ч өөрсдөө хүсэхгүй байгааг судалгаагаар тогтоосон байна. Намын санхүүжилтийг ил тод байдлыг хангахын тулд намын гишүүдийн оролцоо буюу ард түмний шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй.
Ард түмэн намуудыг санхүүжилтээ ил тод олон нийтэд нээлттэй зарлахыг шаардан шаардлагын хариуг биелүүлэхгүй байвал аливаа нэг сонгуульд тус намын гишүүнийг сонгохгүй байх сонголт байгааг Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс хараат бус судлаачдын зүгээс онцолж байв. Мөн тэдний зүгээс олон улсын туршлагаас харахад сонгуулийн байгууллагат намууд харьяалагдан санхүүжилтээс гадна бусад зүйлст хяналт тавин ажилладаг. Намууд сонгуулийн тайлангаа гаргаж өгөөгүй бол дараагийн сонгуульд нэр дэвшүүлэх, бүртгэж авахгүй, эсвэл тухайн намыг тараах эрх мэдэлтэй байснаар намуудын хариуцлага дээшлэнэ гэж үзэж байгаа юм. Ямар нэгэн хариуцлага хүлээх механизм байхгүй учраас намууд санхүүжилтээ зарлахгүй, улсаас санхүүжилт аван түүнийгээ юунд зарцуулсан талаараа тайлагнахгүй байгаа юм.
Улс төрийн намын тухай хуульд “Нам санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр аудит хийлгэн баталгаажуулж олон нийтэд мэдээлнэ” гэсэн заалт хэрэгждэггүйгээс намын санхүүжилт бүхэлдээ хаалттай болсон. Уг хуулийг ямар ч нам хэрэгжүүлдэггүй байна.