Америкийн Иллинойс мужийн Чикаго хотын 2,7 сая оршин суугч түүхэндээ анх удаа өнгөт арьст, эмэгтэй хотын даргаа сонголоо. Улс төрд хүч үзээд удаагүй шинэхэн өрсөлдөгч хатагтай Лори Лайтфүт Чикаго хотын даргаар сонгогдож түүхэн үйл явдлыг бичилцсэн юм.
Хотын даргын сонгуульд нэр дэвшсэн Лори Лайтфүт болон Тони Преквинкл нар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлджээ. Холбооны прокуророор ажиллаж байсан Лайтфүт 74 хувийн саналаар ялсан бол түүний өрсөлдөгч Преквинкл 26 хувийн санал авчээ. Чикаго хотын 56 дахь даргаар сонгогдохоор өрсөлдсөн Пренквинкл улс төрд илүү удаан хүчин зүтгэсэн хашир турлагатай нэр дэвшигч эмэгтэй хэдий ч иргэд түүнийг сонгосонгүй.
56 настай Лайтфүт Америкийн гурав дахь том хотын даргаар сонгогдсон анхны эмэгтэй ижил хүйстнээ сонирхогч гэдгийг эх сурвалж онцолжээ. Тэрээр сонгогчдодоо хандан “та бүхэн түүх бүтээгээд зогсохгүй өөрчлөлт шинэчлэлийг хийлээ. Бид хамтдаа авлигыг цэвэрлэж, хотын гудамжийг аюулгүй болгож Чикагог дахин төрүүлэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Америкийн 200 гаруй том хотын дарга нарын ердөө зургаан хувь нь өнгөт арьстай эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн хоёрдугаар сард Чикаго хотын 56 дахь даргыг сонгох эхний шатны сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлдөж Ардчилсан намын Африк-Америк гаралтай хоёр эмэгтэй тунаж үлдсэн юм.
Эх сурвалж: www.reuters.com