“Хүүхэд хулгайлах гэмт хэргийг хамаатан садан болон гэр бүл салалттай холбоотойгоор эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ өөртөө авахаар хулгайлах, түүнчлэн хүүхэдгүй хүмүүс тус хэргийг үйлдэж байна” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан өнөөдөр болсон “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэв хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.
Он гарсаар хүүхэд хулгайлсан арван гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 3-16 насны хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Урьд онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа нь цагдаагийн байгууллагаас ийн сэрэмжлүүлэхэд хүргээд байгаа аж.
Оны эхний найман сарын мэдээллээр улсын хэмжээнд хүүхэд сураггүй алга болсон 2000 дуудлага бүртгэжээ. Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдүүдийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж, тухай тухай бүрт нь олж, эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгсөн байна.
Эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг гарахад хүргэж байна. Жишээлбэл, тоглоомын талбай дээр тоглож байгаарай хэмээн ажилдаа явах, бусдад даатгаж орхих, хараа хяналтаа сулруулах зэргээс болж хүүхэд алга болж байна гэж Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Хүүхэд хулгайлах хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 13,2 зааснаар 2-8 жилийн хорих ялаар шийтгэдэг. Харин энэхүү хэлэлцүүлгээр нэгэн таатай мэдээ дуулгасан нь хил дамнуулан хүүхэд худалдах, хулгайлсан тохиолдол бүртгэгдээгүй байна.