Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдийг Флорида дахь Палм Бийч далайн эргийн амралтын газарт өнгөрүүлжээ. Тэрээр эндэхийн Мар-а-Лаго клубт гольф тоглож амардаг ба Трампын байгаа газарт сэжиг бүхий хятад эмэгтэй нэвтрэхийг оролдож тусгай албаныханд саатуулагдсан байна.
Хятадаас ирсэн 32 настай Южин Жан Флорида дахь амралтын газарт нэвтрэхийн тулд хуурамч биеийн байцаалт ашиглан, англиар ярьж чаддаггүй мэт дүр эсгэж нэвтрэхийг завджээ. Эмэгтэйг саатуулж АНУ-ын Дүүргийн шүүхээр хэргийг нь ирэх долоо хоногт хэлэлцэх юм байна. Түүнийг Холбооны цагдаагийн офицерт худлаа хэлсэн, хориотой бүсэд хууль бусаар нэвтрэхийг завдсан гэж буруутгажээ.
Южин Жан Хятад гаралтай, Бүгд найрамдах намын ивээн тэтгэгч Ли Янгийн зохион байгуулж буй арга хэмжээнд уригдсан гэж худал хэлж зөвхөн клубын гишүүд нэвтрэх зөвшөөрөлтэй бүсэд орохыг завдсан байна. Сэжиг бүхий эмэгтэйн нэр клубын гишүүнчлэлд байгаагүй ч зохион байгуулагч түүнийг Жан овогтой хятадын бизнес эрхлэгч, клубын гишүүний охин гэж боджээ. Түүнээс аав чинь клубт байдаг уу гэж асуухад тодорхой хариулт өгөлгүй хятадаар ярьсан тул хэлний бэрхшээлээс болж ойлгохгүй байна гэж бодон оруулсан байна.
Сэжиг бүхий эмэгтэй англи хэл мэддэггүй дүр эсгэжээ
Эмэгтэй амралтын газарт нэвтэрснийхээ дараа угтагч дээр очиж НҮБ-ын Хятад-Америкийн холбооны бямба гарагийн орой зохион байгуулагдах арга хэмжээнд оролцох гэж ирсэн гэдгээ хэлсэн ч үнэндээ тийм арга хэмжээ төлөвлөөгүй байжээ. Мөн арга хэмжээнд уригдсан хятад бичигтэй урилга үзүүлж, цагаасаа өмнө ирж орчинтойгоо танилцаж амран, усанд сэлэхийг хүссэн гэж хэлсэн байна. Холбооны тусгай ажилтан эмэгтэйд шаардлага тавихад англиар маш сайн ярьж, бичгийн өндөр чадвартай нь харагдсан гэж шүүхийн тэмдэглэлд бичжээ.
Южин Жан Чарлез гэдэг найзынхаа урилгаар Шанхайгаас ирсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Чарлез Ли нь Ли Янгтай хамт Ерөнхийлөгч Трамптай ажилладаг бизнес эрхлэгч гэдгийг эх сурвалжууд дурджээ.
Тусгай ажилтан Самуэл Ивановичийн хэлснээр эмэгтэйг шалгахад ямар ч усны хувцас олдоогүй ба дөрвөн ширхэг гар утас, лэптоп, хард диск, комьпютерын программ гэмтээдэг вирус, хоёр ч биеийн байцаалт илэрсэн байна. Хэрэв шүүхээс гэм буруутай гэж тогтоовол худлаа ярьсан хятад эмэгтэй тав хүртэл жилийн хорих ял сонсох юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com