Дэлхийн хоёрдугаар дайн олон арван мянган гэр бүлд хагацал авчирсан ч эр нөхрөө сэтгэл түгшин хүлээж байсан зарим эмэгтэйчүүд баяр хөөртэйгээр хайр, халуун дулаан үнсэлтээр дайныг төгсгөж байлаа. Харин зарим эмэгтэйчүүд бүлээн нулимсаа залгилж, хайртай хүн нь дайны баатар болж насан эцэслэсэн мэдээг хүлээж авч байсан юм. Хатагтай Пегги Харрис халуун үнсэлт, бүлээн нулимсны алийг нь ч мэдрээгүй бөгөөд түүний хувьд дайн дуусалгүй 70 жил болжээ.
Хатагтай Пегги 1943 онд Билли Харистай гэрлэж хайр дурлалаа баталгаажуулж байж. Хэдхэн долоо хоногийн дараа нөхөр нь дайнд мордож, шинэхэн хос удахгүй уулзахын ерөөлөөр биенээ үджээ. Тэд захиа бичилцэж, дайны хатуу ширүүн бүхнийг хуваалцаж байсан юм. Хамгийн сүүлд Билли Харрисаас удахгүй гэртээ харих тухай захидал 1944 оны долдугаар сарын 8-ны өдөр ирж. Энэ бол Пеггигийн нөхрөөсөө авч байгаа хамгийн сүүлчийн захидал гэдгийг хэрхэн мэдэх билээ.
Өдөр хоногийг хуруу даран хүлээж байсан ч Билли эргэж ирсэнгүй. Сүүлчийн захидлаас нь арваад хоногийн дараа Пеггид цахилгаан шуудан ирэхэд “нөхөр нь ирснээ дуулгаж байгаа болов уу” гэж хөл хөөрцөг болсон ч тийм биш байлаа.
Цахилгаан шуудан 1944 оны долдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын армиас явуулсан байж. Үүнд ахмад Билли Харрис ор сураггүй алга болсон гэсэн байжээ. Пегги болон гэр бүлийнхэн нь цахилгаан шуудан алдаатай байсан хэмээн гомдол гаргаж Биллиг хайсан ч тэр цагаас хойш дахин уулзаагүй юм.
Хатагтай Пегги 68 жилийн турш нөхрөө амьд сэрүүн, аль эсвэл амиа алдсан эсэхийг нь ч мэдэлгүй хоосон итгэл өвөрлөн амьдаржээ. Хожим ахмад Билли Харрис 1944 оны долдугаар сарын 14-ний өдөр Хойд Франц руу үүрэг гүйцэтгэхээр яваад эргэж ирээгүй гэдгийг мэдсэн байна. Хэдийгээр хагацал амсаж амьдралынхаа 70 жилийг үдсэн ч дайны баатар Биллиг ёслол хүндэтгэлтэйгээр оршуулан Пеггигийн зүрх сэтгэлд одоо ч амьд оршдог гэжээ.
Эх сурвалж: www.tettybetty.com