Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран бага ангийн багш нарын ур чадварыг сорих уралдаанд нэвтрүүлэг зохион байгуулахаар болжээ
Монгол Улсын бүх сум, дүүргийн сургуулиудын 1-5 дугаар ангид хичээл заадаг 10 мянга гаруй багшийн төлөөллийг хамруулан уралдаант контентийг бэлтгэх аж.
Тухайн багш сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлнэ. Сүүлийн шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн шилдэг багш нараас Үндэсний ялагчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнах юм.
Энэ нь багшийн ур чадварыг анх удаа өндрөөр үнэлж буй тохиолдол болж байна талаар БСШУСЯ-аас мэдээллээ.
Нэвтрүүлгийн явцад мэргэжлийн багш нарын ур чадварыг шүүгчид төрөл бүрээр сорих бөгөөд энэ төрлийн контентод туршлагажсан мэргэжлийн баг буюу “Боловсрол” телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах юм байна.