"Цензургүй яриа" нэвтрүүлгийн өчигдөрийн /2019-04-01/ дугаарт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцжээ. Түүний ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна
-Та бид хоёр 2014 онд ярилцлага хийж байжээ. Таван жилийн дараа дараагийн ярилцлагаа дахин хийж байна. Google дээр Номтойбаяр гээд хайхад 864 000 илэрц гарч ирж байна. Тэгэхээр намтар нилээн зузаарсан бололтой?
-Улс төрд идэвхтэй байх хирээр намтар тэр хирээрээ зузаараа биз.
-Тухайн үед бас л хэл аманд нилээн орооцолдсон байсан. Энэ удаад ч та бас Монголын номер нэг сенсаацийн эзэн болжээ. Энэ юунаас болов?
-Өнөөдрийн манай улс төрийн байгаа байдал л энэ шүү дээ. Би тэгж л харж байна. Технологи нь юу вэ гэхээр аливаа нэг асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлэх, муугаар ярьвал хэрүүл тэмцэл хийх, тэгэхэд тухайн хүний үгийг үнэгүйдүүлэх ийм технологи байдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Ер нь аливаа асуудлыг ярихдаа өөрийгөө зөвтгөхөөсөө илүү буруутай талаа харж байх ёстой гэж хувьдаа боддог юм. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг. Энэ зан характер маань бас нөлөөлдөг байх л даа. Хэлье гэсэн үгээ хэнээс ч айлгүй ширүүхэн хэлчихдэг гэсэн шүүмжлэл бий. Улс төрч хүн уужуу ухаантай, үгээ наана цаанатай бодолцож дуугарах ёстой гэсэн ахмадуудын үг байдаг. Үүнийг хэвшил болгож чадалгүй өнөөдрийг хүрчээ. Энэ янз бүрийн байдлаар дайрах гүтгэх, доромжлох, нөгөө талдаа ХМХ-ээ сонирхолтой байлгах үүднээс асуудалд ханддаг байх. Нэг талаар улс төрийн өрсөлдөгч нар байна. Сүүлийн үед ямарваа нэг дайралт шүүмжгүй долоо хоног гэж байхгүй болжээ. Өнгөрсөн долоо хоногт шүүмжлүүлээгүй нэг ч өдөр байхгүй байна. Тийм ч үүднээс таны урилгыг хүлээн авч "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж үгээ хэлэх цаг болжээ гэж бодлоо.
Миний баримталдаг бас нэг зарчим бол улс төрч хүн олон нийтийн өмчлөлд байдаг гэж боддог. Яагаад вэ гэхээр иргэдийн итгэл сонголтыг авч тэдгээрийн төлөө төрийн бодлого шийдвэрийг гаргаж ажиллаж байна. Иргэд маань намайг ажилд томилсон гэсэн үг. Ажилд томилсон нөхөр нь ажлаас бусад зүйлсээр олны анхааралд өртөж, эргэлзээ тээнэгэлзэл төрүүлж байгаа бол шууд бодитоор, үнэнээр хэвлэлийн шүүлтүүрт орж иргэддээ үнэн зөв байдлыг өөрөө өөрсдөөр нь дүгнүүлэх ёстой гэж би боддог юм.
-Н.Номтойбаяр хүн зодлоо, хүчингийн хэрэгт холбогдлоо, баавгай аллаа, "Цагаан суваргын орд"-ыг авсан, өгөхгүй гээд бөөн сенсааци байна?
-Өчнөөн юм бий. Хулгайн хэрэгт холбохоос бусад хэрэгт холбосон доо.
-Нийт мэдээллийн 90 хувь нь хар мэдээлэл байна. Н.Номтойбаяр гээд нэг л дуулиантай нөхөр яваад байдаг. Хүний чинь хувьд яг үнэндээ би таныг мэдэхгүй юм билээ. Та өөрийнхөө тухай яриач. 10 жилээ хаана төгссөн юм бэ, ямар сургуульд боловсрол эзэмшсэн гээд товчхон яриач?
-1978 онд Монголд төрсөн. Монгол улсын иргэн. Өөр ямар нэг орны иргэншил байхгүй. АНУ-д оюутан байхад минь ногоон карт эзэмших эрхийг санал болгож байсан ч би өөрөө татгалзаж аваагүй. 10 жилдээ 1 дүгээр дунд сургуульд сурч байгаад сүүлд 45 дугаар сургууль руу шилжсэн. 10 жилд сурч байхдаа МУИС-д оройгоор суралцаж байсан. Дараа нь АНУ руу явсан. Хэлний сургуульд нэг жил сурсан. Улмаар АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуульд орж суралцсан.
Эхлээд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалахаар сурч байсан. Сонгон суралцах 30 кредит цагийг нийгэм судлал, улс төрийн чиглэлээр сонгосон. Манай зөвлөх багш дуудаад бизнес гэхээсээ илүү улс төрийн чиг баримжаагаар сураад, үндсэн мэргэжил улс төр судлаачаар төгсөөд, мэргэшилээ бизнесийн удирдлага болгоод хос мэргэжлээр төгсөх боломжтой гэсэн. Ингээд төгссөн.
Оюутан байхад тухайн үеийн тагнуулын төв газраас дуудлага ирсэн. Амжилттай сургуулиа төгсвөл энэ байгууллагад авах бодолтой байна, судалж байна гээд. 2000 оны хавар шиг санагдаж байна. 2001 онд төгсөж ирээд хаана хандахаа мэдэхгүй явж байтал Тагнуулын төв газрын боловсон хүчин хариуцсан хэлтсийн дарга нь залгаад, 2001-09-12 ны өдөр анх ажилд орж байсан. Америкийн цагаар хоёр өндөр Нью-Йоркод нурж байх үеэр анх ажилд орж байлаа.
Шууд ажиллахгүй л дээ. Тусгай сургуулийг нь амжилттай төгссөн. Ажилласан. Хэсэг хугацааны дараа ажиллаж байгаад чөлөө аваад, дахин сурах ёстой юм байна гэж шийдсэн. Улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулаад үйлдвэрлэлийн инженер чиглэлээр сурья гээд энэ чиглэлийн боловсролыг дээд түвшинд олгодог ХБНГУ-ыг сонгож төгссөн. Мастерийн зэрэг хамгаалсан. Бас хос мэргэжлээр.
-Дахиад тагнуулд ажилд орсон тиймээ. 2008-2009 онд?
-Тэгсэн. Тэр чинь Герман луу мастерт явахын өмнө буцаж дуудагдсан.
-Таныг яагаад тагнуулд ажилд авсан юм бэ? Аав чинь ажиллаж байсан болохоор удам хөөж авдаг юм уу?
-Тиймэрхүү хандлага бол байсан. Манай ангийн 11 залуугийн 10 нь хоёр дахь болон гурав дахь үе дээрээ ямар нэг байдлаар ээж аав юм уу эмээ өвөө нь тэнд ажиллаж байсан гэх жишээний. Энэ нь ажилдаа үнэнч байх, хариуцлагатай байх, гол нь урвахгүй байх шалгууртай холбоотой байх.
-Та яагаад тагнуулаас гарсан юм бэ?
-Улс төрд орно гээд...
-Яагаад улс төрд орох болов?
-Хоёр үндсэн шалтгаантай. Түүхэн талын. Өвөг дээдсийн уламжлал, удмаа бодох үүднээс. Хоёр талаасаа хэлмэгдсэн. Ээж талаасаа ч аав талаасаа ч. Бүгд төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Маршал Чойбалсангийн орлогч, Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Номтойширын Лхамсүрэнгийн л үр удам л даа.
Нөгөө шалтгаан нь бухимдалдаа хөтлөгдсөн. Тагнуулын байгууллагад ажиллана гэдэг Монгол улсын язгуур эрх ашиг болон үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиг үүрэгтэй. Жинхэнэ улс төржихгүйгээр улс төрийн ажил хийдэг байгууллага л даа. Төр засаг аливаа нэг шийдвэр гаргах гэж байна аа гэхэд ил эх сурвалжаас олж чадахгүй мэдээ мэдээллийг гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авч, төр засгийн удирдлагуудыг шийдвэр гаргахад нь мэдээллээр хангадаг ийм л үүрэгтэй байгууллага шүү дээ.
-Таны аав хуучин нэрээр ЗСБНХУ-д уул уурхайн мэргэжил эзэмшсэн. Хоёр талаасаа хэлмэгдсэн. Тэр үед цаг хатуу байсан шдээ. Яагаад хоёр талаасаа хэлмэгдсэн хүнийг НАХЯ-нд ажилд авсан юм бол?
-Манай аав чинь өөрөө 1984 онд хэлмэгдээд гарч ирсэн. Ажлаасаа. Номтайширын Лхамсүрэн гээд бидний өвөг дээдэс олон жил хилс хэргээр шоронд суусан. Ер нь Маршал 1953 онд нас бараад л манай Номтын гэр бүлийн хар дарсан зүүдний он жилүүд эхэлсэн. Тэрнээс өмнө 1937 онд манай өвөө Бямбаа хэлмэгдэж байсан. "Ерөөгийн таван залуу" гээд алдартай хэрэг л дээ.
Автобусанд таарсан юм билээ. Өвөг дээдэстэйгээ автобусанд таарсан хэрэг. Лхамсүрэн өвөө шоронгоос гараад удаагүй байсан цаг. Тэр үед хамт ажиллаж байсан нөхдүүдтэйгээ төв байгууллага руугаа автобусанд суугаад Налайхаас гарч явсан юм билээ. Энэ нөгөө улс төрийн эсэргүү Номтайширын Лхамсүрэн байна шдээ гээд...
Тэгээд бодоод үзэхээр хүү нь Номтойбаяр, эцэг нь Нямтайшир. Номттайширын гээд хоёр нэр салгаж л өгсөн түүх л дээ. Хоёр хоногийн дараа ажлаасаа аав халагдаж байсан.
-Өвөг дээдэс чинь их сонин түүхтэй юм байна. Та тагнуулын цолтой юу?
-Цолтой...
-Ямар цолтой вэ?
-Тэрийг хэлэх шаардлаггүй байх... Ер нь бол бэлтгэл офицер.
-Ер нь тагнуулд ажиллаж байсан хүмүүс үүрэг өгөөд дуудахад хэзээд очих ёстой. Тиймүү?
-Бидний яриа байдаг. "Ороход босго өндөр, гарахад хаалга хаалттай". Мэдээж төрийн нууцтай холбогдож ажиллаж байсан улс чинь... Тэгээд ч тагнуулаас үүрэг өгнө гэдэг чинь улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс л үүрэг өгнө үү гэхээс биш янз бүрийн хувийн эрх ашгийн үүднээс хэзээ ч үүрэг өгөхгүй шүү дээ.
-Зарим нэг мэдээлэлд та давуу байдалтай юм байна. Тиймүү?
-Үгүй. Өөрт байгаа мэдээллийг өнөөдрийн улс төрд ашиглана гэдэг байж болохгүй зүйл. Мэдлэгийг бол ашиглаж болно.
-Та хоёр удаа ашигласан. Н.Алтанхуягийн Засгийн газар гэж байхад Дэнзэн гэдэг хүний мэдээллийг гаргаж ирж анх ХБХ хийсэн. Хоёрдугаарт У.Хүрэлсүхийн ахтай холбоотой мэдээллийг бас гаргаж ирсэн. Энэ бол энгийн сэтгүүлч нарт олдох мэдээлэл биш? Таны аав ч гэсэн үр удамдаа бас ашиглаж Цагаан суваргыг авсан. Тиймүү?
-За сүүлчээс нь эхэлж хариулъя. Манай аав 1980-1984 онд НАХЯ-нд ажиллаж байсан. Тэр үеийн 30 орчим насны залуу 1990 онд Ардчилсан нийгэм гарч ирж чөлөөт зах зээлтэй болох юм байна, хувийн бизнес хөгжих юм байна гэж мэдээд тэр мэдээллийг аваагүй л байх.
-Гэхдээ Цагаан суваргыг бол мэдэж байсан. Яг Цагаан суварга руу томилогдоод явах гэж байхад нь ажлаас нь халсан байдаг?
-Тэр бол нууцын зэрэглэлтэй байгаагүй шүү дээ. Юунд нь нууцалдаг юм бэ. 1984 онд Эрдэс баялагийн зөвлөл нөөцөд бүртгэж аваагүй л орд шдээ. Тухайн социализмийн үед ажиллаж байсан 30 гаранхан насны залуу тэрийг олж мэдээд, 1990 онд ардчилал гарахаар энэ ордыг би авах юм байна шүү гэж тооцоод явж чадах уу. Ингэж баримжаагүй залж болохгүй л дээ.
-Угаасаа л мэддэг байсан. Нийгэм задран унасан. Бүгд чөлөөт зах зээлд шилжсэн. Тэгэнгүүт "аан Цагаан суварга байгаа шдээ" гээд л авчихсан юм биш үү?
-Үгүй л дээ. Тэрийг чинь нэг их романтик сэтгэлгээгээр харж болохгүй л дээ.
-Аав чинь энэ асуудлыг үгүйсгэсэн байна лээ. Би ярилцлагыг нь үзсэн. Түрүүчийн хоёр асуулт?
-Энэ асуудал дээр гүйцэтгэх ажиллагааны тагнуулч байгаад байх шаардлага ч байхгүй. Энэ мэдээлэл бүртгэлийн шинэ хуулиар нээлттэй л байгаа шдээ. Гол нь ямар мэдээллийн сэжүүрээр яаж мэдээллээ баталгаажуулах вэ гэдэг л асуудал шдээ.
-Нээлттэй мэдээлэл биш л дээ?
-Мөн л дөө.
-Наад мэдээлэл чинь таныг дэлгэснээс хойш ч олдохгүй байгаад байгаа?
-Жишээлбэл Н.Алтанхуяг ерөнхий сайд дээр нэвтрүүлгээр орж байхдаа бас сайхан баримжаагүй залж л байна лээ. Гүтгэсэн эдр гээд. Яах аргагүй гүтгэлэг шдээ. Хүний нэр солиод хаячихсан л асуудал. Тэнд ажилладаг, хуулиа мэддэг шударга хүнээс л тэр Уянгаа гэдэг хүний мэдээллийг авсан шдээ. Нэг шөнийн дотор улсын бүртгэл дээр овог нэрээ сольсон байсан. Мэдэж ядаад байх юу байна.
-Тэр мэдээлэл Н.Алтанхуягийн засгийн газрыг ажиллаж байх үед ил байгаагүй. Одоо бүртгэл.мн дээр ил болчихсон юм. Тэгэхээр би таныг тагнуулын байгууллагад ажиллаж байх үеийн мэдээллээ ашигласан л гэж боддог юм. Үгүй юу?
-Юунд нь ашиглах юм бэ. Олдоход хүнд хэцүү, давашгүй даваа мэт мэдээлэл биш шдээ. Ордны коридороор явж байхад хүмүүсийн зан үйлдэл, үг яриа гэж их юм бий. Тэр үед ордны хоёр давхрын зүүн жигүүрийн коридорт хэн хаан болчихсон гүйж явав даа. Залуучууд нь даам гарчихсан. Арай дэндүү л байсан.
-Цагаан суваргын асуудлыг дахиж ярина. Түр хойш нь тавья. Одоо харин цаг үеийн асуудлаар, таны мэргэжилтэй холбоотой асуулт тавья. УИХ дээр тусгай хяналтын дэд хороо гэж бий. Та гишүүн нь. Энэ хороо С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэгт та байгаа. Л.Болд гишүүн бий. Л.Энх-Амгалан гишүүн бий. Өөр хэн байгаа билээ?
-Ажлын хэсэг байгуулагдсан. Удирдамж болон тогтоол нь нууцын зэрэглэлгүй учраас ярьж болно. Энэ асуудлыг ноднин нилээн ярьсан юм аа. Яагаад ярих болсон бэ гэхээр олон улсын парламентийн холбооноос Монголын парламентэд нэг бичиг ирсэн юм. Хууль зүйн байнгын хорооноос энэ хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. ХЗБХ өөрөө хуулийн мухардалд орсон.
Мэдээж байнгын хороодод хуулиар олгогдсон өөрсдийн чиг үүрэг, эрх хэмжээ гэж бий. Тэгээд Тусгай хяналтын дэд хороон дээр асуудал ирсэн юм. Шалтгаан нь нууцийн тухай хууль болон гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьдаг. Дээрээс нь гүйцэтгэх ажлын төсвийг дэд хороо баталдаг. Хурал дээр бид ярьсан. Би "шууд бид гүйцэтгэх ажлын хэрэгжилтийг хангаж уу үгүй юу гэдгийг шалгах үүднээс С.Зоригийн хэрэг луу орж болохгүй. Яагаад ХЗБХ хуулийн мухардалд орсноо эргэж харья. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцтай манай дэд хорооны эрх зүй хир уялдах юм бэ. Эрх зүйн дүгнэлт гаргая. Тэгээд удирдамжаа боловсруулья" гэсэн санал гаргасан.
Тусгай хяналтын дэд хорооны ажлын зорилго нь юу вэ, энэ хэргийг шалгавал өнөөдрийн эрх зүйн орчиндоо хаана хүртэл шалгаж болох юм бэ. Ялангуяа тэр гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан 70 хэдэн хуудас материалтай танилцаж болох юм уу үгүй юм уу гэсэн. Тэр бол нууц. Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр хэн ч үзэж болохгүй шдэ. Хуулийн зохицуулалт нь өөр.
Тухайн хурал дээр ил болсон 15 мянга орчим материалаас гадна гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан материалтай танилцах эрхгүй учраас бид шалгаад ч утгагүй болчихоод байгаа байхгүй юу. Бид нар хоёр хуудас дүгнэлт боловсруулсан. Тусгай хяналтын дэд хороо удахгүй хуралдана гэж найдаж байна. Би дарга нь биш л дээ. Сүхбаатарын Батболд гишүүн шдээ.
-Та нараас олон түмний мэдэхийг хүсэж байгаа нэг зүйлийг асууя. Одоо ял авчихсан байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүсэн байна. Цагаатгаж, шоронгоос гаргая гэсэн санааг Ц.Нямдорж сайд яриад байгаа. Ингэх эрх танай Тусгай хяналтын дэд хороонд байгаа юу?
-Байхгүй. Нэгэнт ажлын хэсэг гарсан. ТХДХ долоон гишүүнтэй. Цөөнхийн бүлгийн эрх ашгийг тэнцвэртэй хадгалах үүднээс АН-аас хоёр гишүүнийг нэмж оруулсан. /Л.Болд, Д.Санжмятав/Энэ асуудал ТХДХ дээр орж ирнэ л дээ.
Нэгдүгээрт баримтлах зарчим бол нягталж үзээгүй мэдээлэл дээр тулгуурлан байр суурь илэрхийлж хэрхэвч болохгүй. Одоо энэ гурван хүнтэй холбогдуулаад "Үнэн юм уу худлаа юм уу" гэсэн хоёр туйл л байна. Би өөрийн байр суурийг л илэрхийлж байна шүү.
Хэрэв худал байсан бол /тэр гурван хүн ийм гэмт хэрэг хийгээгүй бол/ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад, дээрээс нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад, дээрээс нь энэ чинь маш олон жил шалгалаа шүү дээ. Гурван шатны шүүхээр ороод ял өгчихлөө шдээ. Хэрэв худлаа байвал энэ их олон жилийн туршид хэний бодлого захиалгаар худал юмыг үнэн болгох гэж ийм их ажил хийсэн юм бэ гэдэг нэг ийм асуудал байна.
Хэрэв хэрэг үйлдсэн нь үнэн байсан бол энэ хэргийг шалгасан 40-өөд хүнийг барьж хориод эхэлсэн байна. Бас хэний бодлого захиалгаар үнэн юмыг худал болгож шалгах гээд байна вэ гэдэг асуудал.
Тэгэхээр энэ асуудлыг яаралтай, цаг алдалгүй шийдэхээс өөр аргагүй. Маш яаралтай ажлын хэсэг бүрдүүлж, шаардлагатай бол УИХ-аас олгосон эрхзүйн хэм хэмжээний хүрээнд шалгах ёстой. Эргэлзээтэй зүйл гарвал нэг удаагийн үйлчилдэг хууль бас баталж болно. Олон арга зам бий.
-Одоо тантай холбоотой асуудал руу орьё. Та манай аав Нямтайшир гэдэг хүн бол Монголын эдийн засаг шүү гэж хэлсэн?
-Тэгсэн.
-Яагаад тэгж хэлсэн юм бэ?
- Төсөв бүрдүүлдэг утгаар нь. Эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг төр засгийн ямарваа нэг дэмжлэггүйгээр Монголын бизнесменүүд аваад явж байна шүү дээ. Би жишээ болгож хэлсэн. Тэргүүтэй гэж хэлсэн. Цөөн хэдэн бизнесменүүд л байгаа шдээ.
-Та МАК-ын өв залгамжлагч мөн үү?
-Хамаарал бүхий этгээд мөн.
-Тэгэхдээ та ганц хүү нь. Тийм учраас албан ёсны өв залгамжлагч. Таны хөрөнгө хэдий хирээр хэмжигдэх вэ?
-Надад хадгаламж гэж байхгүй. Амьдралдаа ч хадгаламж үүсгэж үзээгүй.
-Шаардлаггүй юм уу?
-Цагаан суварга гээд овоолоотой зэс. Хэрэгцээтэй бол машинтай очоод ачиж аваад зарчихдаг юм биш шүү дээ. Ер нь тэр лицензийг эзэмшээд Засгийн газартай гэрээ байгуулаад явах нь зөв юм уу буруу юм уу гэдэг асуудал л үүснэ.
-Та 30 гэр бүлийн нэг тийм үү?
-У.Хүрэлсүх л чуулган дээр тэгж хэлнэ лээ.
- Саяхан ҮАБЗ-ийн зөвлөмж гарч 400 гаруй ордыг буцааж төрийн мэдэлд авна. Мөнгө өгөхгүй гэсэн. Тэр дотор Цагаан суварга байгаа гэж З.Энхболд хэлсэн.
-Ер нь У.Хүрэлсүх ЕС-ын хэлсэн үгэнд би их талархаж байгаа. Үнэн л хэлсэн. Монголын эдийн засаг татвараа төлдөг ТОП 100-150 компаний л нуруун дээр явдаг шдээ. Төсөв, цалин тэтгэвэр, сургууль цэцэрлэг, зам харилцааг 100 орчим компани л авч явж, ачааны хүндийг үүрдэг. Тэрнээс биш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ийм мөнгө өгдөггүй. Тэд бол бизнесийн таатай орчин бүхий хууль эрх зүй бүрдүүлэх, холбогдох зөвшөөрлийг өгөх үүрэгтэй. У.Хүрэлсүхийн хэлсэн үгэн дээр ерөөсөө эмзэглээд байх зүйл байхгүй. Харин энэ 30 гэр бүлийн нэгэнд орчих вий гэж цоллуулж эмзэглээд байхааргүй байх хэрэгтэй. Энэ асуултыг би бодож тавьсан.
-Монголын ард түмэн хүртэх ёстой баялагийг өөрсдөө авч идээд байгаа нөхдийг л 30 гэр бүл гэж хэлээд байгаа гэж би ойлгосон шдэ?
- Үгүй. Тэр өнцөг биш. 30 гэр бүл чинь гавьяатай хүмүүс. Төсвийг бүрдүүлж байгаа. Улс орны эдийн засгийг авч явна шдээ. Би эх орныхоо төлөө энэ татвар буюу хөрөнгө оруулалтыг хийж байна гэж бизнесменүүд ярьдаг ш дээ. Баялагийн эх үүсвэр чинь амьдралын баталгаа, ажлын эх үүсвэр. Энэ дунд магадгүй хууль зөрчөөд бизнестэй болчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэр бол тусдаа асуудал. Манай дээр бол ийм асуудал байхгүй. Хууль зөрчсөн, хулгайлсан 30 гэр бүл гэж ярьвал өөр хэрэг.
- Сая Цагаан суваргыг авнаа. Танай гэр бүл 36 лиценз эзэмшиж байгаа учраас авнаа гээд хэлчихлээ?
-Би жишээ ярья. Энэ телевизийг байгуулахын тулд хамгийн түрүүнд Засгийн газраас лиценз зөвшөөрөл авах ёстой. За авлаа гэж бодьё. хөрөнгө оруулалт олоод энэ олон залууг цалинжуулаад явж байтал янз бүрийн байдлаар улс төрийн өнцгөөс оролдоод эхэлбэл яах вэ. У.Хүрэлсүхийг С-1 ТВ муулчихсан байна. Лицензийг нь авнаа гэж заналхийлж байгаатай яг ижил зүйл шдээ.
-Өөр л дөө. Цагаан суваргыг давуу байдлаа ашигласан, стратегийн орд газрыг УИХ-д нөлөөлөх замаар лоббидож стратегийн орд биш болгож авсан гэх мэтээр авсан л гээд байна шүү дээ. Энэ үед та УИХ-ын гишүүн байсан учраас таны нөлөө байна гэж үзээд байгаа юм бишүү?
-Та бид хоёр ҮХЦ биш. Бодит байдал юу вэ гэхээр 34 хүртэлх хувийг төр эзэмших ёстой. 1996 оноос өмнө хуучин коммунизмийн үед төр л хайгуулын ажил хийдэг байсан. Та бид хоёр гээд хувь хүн хийж болохгүй. 34 хувь гэдэг чинь тухайн төслийн ТЭЗҮ гэж байгаа. ТЭЗҮ-г төр засаг л баталдаг. 34 хувийг эзэмшинээ гэдэг чинь батлагдсан ТЭЗҮ-ийнхээ 350 сая долларын хөрөнгө оруулалтыг ЗГ хийх байсан. Бид төртэйгээ хамтраад явья. Төр 350 сая долларынхаа хөрөнгө оруулалтыг хийг ээ. Монголчуудтайгаа хувийн хэвшил-төр хамтраад явья, заавал гадны нөхдөөр хөрөнгө оруулалт хийлгээд яахав гээд л явсан шдээ.
Хэрвээ 34 хувийг нь аваад 350 сая долларын хөрөнгө оруулалтыг төр өөрөө хийгээд явсан бол өнөөдөр бас л өөр шүүмжлэл гарах байсан. Чи жишээ нь Н.Номтойбаяраа чи УИХ-ын гишүүдэд лобби хийгээд тэр 350 сая долларыг төрөөс авчихсан байна гээд л асуух байсан байх.
-Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд шдээ?
-Нөөцөд бүртгэж аваагүй юм аа.
-Авсаан. Та яаж мэдэж байгаа юм бэ?
-Дутуу байсан юм аа. АМТХ-ийн 5-ын тавд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зардлыг нь төлчихсөн байгаа юм. Зардал гарсан нь үнэн. Хайгуулын зардлыг МАК нөхөн төлсөн. Дараагийн удаад гурвалсан байдлаар уулзалт хийж болж байна. Өнгөрсөн хугацааны бүх материалыг гаргаж ирэх хэрэг гарна даа. Геологи стандартын ажлууд гээд байна. Эдийн засгийн хувьд үр ашигтай байх тооцоо судалгаа гарсан уу гээд.
З.Энхболд дарга нэг зүйл хэлсэн. Н.Номтойбаяртай гэрээ байгуулаад түрээсийн зарчмаар явнаа гээд. Тэртээ тэргүй энэ орд төрийн мэдэлдээ л байгаа шдээ. Үндсэн хуулийн 6-ын 1,2-т. Хөрөнгө оруулалтын гэрээг 2015 онд байгуулсан. Төсвийн үр өгөөжийн 60 хувийг татвараар өгнө. Үйлдвэр ашиглалтад орохоор. Үр дүнг нь ингэж хүртэнэ.
-Лицензээ хураалгахад бэлэн үү?
-Бүх зүйл хууль ёсны дагуу л байх хэрэгтэй. Хууль зөрчсөн зүйл хийж болохгүй. Зөрүүлээд нэг зүйл асуумаар байна. Монголд ер нь юу хэрэгтэй вэ. 36 лиценз гээд л ярьж байна. Өөрсдөө үйлдвэрлэгч байя, эдийн засгийн аюулгүй байдлаа хангая л гээд байна. Сая цементийн үйлдвэр ашиглалтад орлоо. Хятадаас авч байгаа цементийг Монголоосоо авч чадахаар боллоо. Тэр үйлдвэрийн дор 12 лиценз байна. Шороо, шавар, элс, хайрга гээд л. Энэ бүгдээс бүрддэг. Нүүрсний орд газарт л гэхэд 5-6 лиценз байдаг. Хайгуулын талбайгаа томоор аваад багахан хэсэгт нь ашиглалтаа л хийдэг. Тэр бас тусдаа лиценз болоод явчихдаг.
Жишээ нь хоёр өрөө байр байлаа гэхэд том өрөө нь тусдаа үл хөдлөхийн гэрчилгээтэй. Гал тогооны өрөө нь бас тусдаа гэрчилгээтэй гэдэгтэй л ижил зүйл шдээ. Ингээд л 36 лиценз болсон. Тоонд асуудал биш. Гагцхүү энэ төсөл Монгол улсад хэрэгтэй юм уу, ажлын байр нэмэгдэх юм уу, эдийн засагт ямар ач холбогдолтой юм бэ, импортын бараа бүтээгдэхүүнийг хаах юм уу үгүй юм уу гэдгийг л анхаарах хэрэгтэй шдээ.
Одоо бид нэг зүйл тодорхой болгох хэрэгтэй байна. Хөгжил гэж байгаа бол юуг хэлээд байгаа юм бэ. Уул уурхай дээр эдийн засгийн гол тогтолцоо суурилчихаад байна. Бусад салбараа дэмжиж байна уу. Үгүй шдээ. Энэ бол өнөөдрийн байгаа тогтолцоо. Энэ бол буруу. Улс төрийн бодлогын хүрээнд эдийн засгаа төлөвлөж байна. Энэ алдаагаа засах ёстой. Ухах биш ургуулах тогтолцоо үүсгэе.
Хийж бүтээж байгаа улсуудаа яллаад байна шдээ. Магадгүй таны асууж байгаа асуултын үг ч гэсэн яллах маягтай. Юун буруу байгаад байгаа юм бэ. Н.Номтойбаяр тэргүүтэй улс төртэй холбоотой нөхдийн үйл ажиллагааг хааж болно. Бусдыг нь битгий ялла, дээрэлх гэмээр байна. 1990 оны нийгмийн шилжилт хөдөлгөөний үр дүнд бид Ардчилсан нийгмийг өлгийдөж авсан. Яагаад энэ зарчмаасаа ухраад байгаа юм бэ. Яагаад энэ нийгэмд хөдөлмөрлөөд хөрөнгөтэй байж болдоггүй юм бэ. Ер нь яацан нийгэмд амьдраад байгаа юм бэ. Сүүлдээ бүр учраа олохоо байлаа.
-Цагаан суваргыг авна гээд байна. Танайх өгөх юм уу л гэж би асууж байна л даа?
-Цагаан суваргын ордыг авмаар байвал дээрэмдээд ав. Хууль зөрчөөд ав. Зүгээр өгчихвөл маш буруу жишиг тогтоно. Хууль зөрчөөгүйгээ батлахын тулд бид өөрсдөө лав гүйж очиж өгөхгүй.
-Төр бичиг явуулаад танай лицензийг хураалаа гээд л болоо биш үү?
-Баахан тусгайгийнхан дагуулаад очих байлгүй дээ.
-Цагаан суваргын ордыг төр авна гэсэн мэдээллийн дараахан сэтгүүлчид танаас асуулт асуухад Та "хонь шиг, гөлөг шиг явж чадахгүй" гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ?
-Санаа нь бол иймэрхүү юмаар барьцаалагдаад байхгүй гэсэн санаа. Яг үнэндээ сүүлийн үед барьцаалагдсан УИХ гэж ярьж байна. ЖДҮ, хийсэн хэргээрээ барьцаалагдсан улсууд олон байна. Намайг бизнесеер барьцаалах гэж байгаа бол би барьцаалагдахгүй. Санаа оноо нийлээд монгол улсад хэрэгтэй зүйл хийе гэвэл гар бариад явж болно. Харамсаад байх юм байхгүй л гэсэн үг.