Балбын вант улсын өмнөд нутгаар аянга цахилгаан цахиж ширүүн бороо орсны улмаас багадаа 30 хүн амиа алдсан болохыг ВВС агентлаг мэдээлжээ.
Бара, Парса дүүргүүдэд хүчтэй салхи байшин барилгыг нурааж, тээврийн хэрэгслүүдийг онхолдуулан моддыг үндсээр нь сугалж, цахилгааны шонгуудыг унагасан байна.
Амиа алдсан хохирогчдын зарим нь замаас гарч осолдсон автобусан дотор явж байжээ.
Хаврын улиралд Балба улсад аянга цахилгаантай бороо орох нь элбэг ч ард иргэдэд гарз хохирол учруулах нь бага байдаг ажээ.
Тусгай хүчний цэргүүдийг аврагчдад туслуулахаар алслагдсан бүс нутаг руу илгээгээд байна.
Аянгад гэр бүлээ алдсан эрэгтэй “урьд өмнө ийм зүйл огт харж байгаагүй. Салхи миний гэр, гэр бүл гээд бүгдийг аваад явчихсан. Үнэхээр итгэмээргүй аймшигтай байсан” гэж ярьжээ.
Зам харилцаа эвдэрсний улмаас аврагчид зарим газарт хүрч ажиллаж чадахгүй байгаа тул амиа алдсан хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа.
Балбын Ерөнхий сайд Шарма Оли Засгийн газар бүх хүчин чадлаараа ажиллана гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: www.cnn.com