МУГЗ, Урчуудын эвлэлийн шагналт зураач, шог зургийн нэрт мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв ...” шог зургийн үзэсгэлэн Олон улсын инээдмийн баярыг угтан Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд түүний 200 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор нийгмийг шүүмжилсэн, дүрсэлсэн зургууд нь багтжээ.
Шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин шог хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг байна.
Монголын шог зургийн нэрт мастер Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв ...” шог зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд энэ сарын 4-нийг дуустал үзэгч олныг шог зургийн ертөнцөөр аялуулах юм.