Япон улс дараагийн шинэ эринтэйгээ учран золгохын бэлгэдэл болгон нэрийг нь өнөөдөр дэлхий дахинд зарлалаа. Ирэх тавдугаар сарын 1-нд удам залгах ууган хунтайж Нарухито хаан ширээг залгамжилж Японы ард түмэн Хэйсэй эринг халж Рэйва эринтэй золгох юм.
Рэйва гэдэг нь Рэй-тушаал, зарлиг Ва-энх тайван, эв эе гэсэн утгатай үгсээс бүрдсэн “Энх тайвны зарлиг” хэмээх утгыг агуулж буй гэдгийг Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. Мөн анх удаа Хятадын яруу найраг зохиолоос бус наймдугаар зууны үеийн Японы Манёшу хоёр боть зохиолоос иш татан авч эрдэмтдийн зөвлөлөөр баталжээ. Уг зохиол нь ардын өв уламжлалт соёлыг агуулсан байдаг юм.
Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлснээр “хаврын улирал айлчлан ирж сакура цэцэгс дэлгэрч байгаа урин цагт шинэ эринээ угтаж байгаа тул Японы ард түмэн сэтгэлдээ итгэл найдвар тээж, ирээдүй нь цэцэглэх болно” хэмээн ерөөжээ. Түүхэн уламжлалт үйл явдлыг нийслэл Токио хотод оршин суугчид дэлгэцээр харж алга ташин баяр хүргэж нулимс дуслуулах тохиолдол ч харагдаж байсан юм.
Акихито хэт өндөр насалсны дээр эрүүл мэндийн байдал нь муудсан тул өөрийн ууган хүү Нарухитод суудлаа шилжүүлж тус улсын 126 дахь эзэн хаан залрахаар болсон. Суудлаасаа бууж буй эзэн хаан Акихитогийн эринийг Хэйсэй буюу “энх тайвныг хичээхүй” гэсэн утгатай бөгөөд 1989 оноос хойш өдий хүртэл үргэлжилжээ.
Өдгөө 85 насыг зооглосон Акихито 200 гаруй жилийн түүхэнд анх удаа өөрийн саналаар хаан ширээнээс татгалзсан Японы эзэн хаан юм.
Түүнээс өмнө 1926-1989 онд Шова буюу “гэрэлт найрамдал”, 1912-1926 онд Тайшо буюу “чин шударга ёс”, 1868-1912 Мэйжи буюу “гэрэлт журам” гэсэн утгатай эринүүд байжээ. Японы эзэн хаан бүр өөрийн гэсэн эрин үетэй, энэ нь ард түмний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэхээс гадна түүхэн өв соёл болон үлддэг. Зоосон мөнгө, сонин сэтгүүл, жолооны үнэмлэх, албан бичиг баримт дээр тэмдэглэгддэг байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com