Колумбиа хотын оршин суугч 21 настай Саманта Жосефсон баасан гарагийн шөнийн 02 цагт найзуудаасаа салж Uber такси дуудан харих гэж байжээ. Хар өнгийн Chevrolet Impala машиныг өөрийн дуудсан такситай андууран сууснаас хойш сураггүй алга болсон байна.
Маргааш өдөр нь найзууд нь цагдаад дуудлага өгч эрэн сурвалжлах ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа цацагт хяруул агнахаар явж байсан анчид бүсгүйн цогцсыг Колумбиагаас 100 гаруй км-т байхыг нь олжээ. Өмнөд Каролина мужийн цагдаа нар шургуу ажиллаж хэргийн сэжигтнийг буюу бүсгүйг авч явсан машины жолоочийг олж баривчлан саатуулаад байна.
Гэмт этгээд 24 настай Натанел Дэвид Роуланд гэгч бөгөөд машинаас нь хохирогчийн цус олдсон байна. Мөн бүсгүйн толгой хүзүү нүүр, хөлөнд их хэмжээний шарх сорви үүссэнээс сэжигтэн түүн рүү дайрсан байж магадгүй гэж урьдчилан таамаглажээ. Хэргийн хамгийн гол баримт бол амиа алдсан бүсгүйн гар утас сэжигтний машинаас олдсон явдал юм. Сэжигтэн бүсгүйг хуурч машиндаа суулган түүнрүү дайрч амь насыг бүрэлгэсний дараа хол аваачиж хаясан гэж буруутгаж байна.
Жосефсон Өмнөд Каролинагийн их сургуулийн оюутан байжээ. Мужийн захиргаа болон их сургууль, цагдаагийн газраас гүн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: www.theguardian.com