Оросын хоёр дахь нисэх хүчний компанийн хамтран эзэмшигч хувийн онгоцоороо аялж байгаад осолдож амиа алдсан тухай мэдээлжээ. Энэ жил 55 настай Наталья Филева нь Оросын хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг ба Форбес сэтгүүлээс түүний хөрөнгийг 600 сая ам.доллар гэж тооцсоноор улсынхаа дөрөв дэх чинээлэг эмэгтэйгээр нэрлэгдээд байсан юм.
Хатагтай Филева осолдох үедээ Epic-LT дан хөдөлгүүртэй зургаан зорчигчийн суудалтай хувийн онгоцоороо Францын Каннаас нисч Германы Эгэлсбах нисэх буудалд газардах гэж байжээ. Онгоц өдрийн 13:22 минутад радараас алга болж 13:30 минутын үед Франкфурт хотын ойролцоо осолдсон байна. Онгоцонд Филеватай байсан нэг зорчигч, нисгэгчийн хамт амиа алдсан ба хувийн жижиг онгоц юу ч үгүй болтлоо шатжээ.
Ослын шалтгааныг хараахан тодруулаагүй, Филеватай хамт явсан зорчигчийг Оросын иргэн гэж таамаглаж байна. Осол гарах үед онгоцыг дагаж байсан цагдаагийн машин өөр нэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн тухай мэдээлжээ. Онгоцны осолтой зэрэгцэж гарсан зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, цагдаагийн гурван офицер хүнд бэртэл авсан байна.
Наталья Филева S7 буюу Сибирийн Эйрлайнсыг нөхөртэйгээ хамтран эзэмшдэг ба түүний нөхөр Владислав Филев компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг ажээ. Сибирийн Эйрлайнс нь Аэрофлот нислэгийн компанийн гол өрсөлдөгч төдийгүй 26 орны 181 хот руу нислэг үйлддэг 96 онгоцтой юм байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com