Турк улсад болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч нам байр сууриа алдаж, сөрөг хүчин ялж байна гэсэн мэдээллийг эх сурвалжууд дамжуулсан. Харин сонгуулийн дүнг тоолж дууссаны дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам маш бага хувийн саналын зөрүүтэйгээр яллаа. Гэсэн ч томоохон хотуудад санал хураалтын дүн эргэлзээтэй байна.
Анкара, Истанбул хотуудад эрх баригч намын 25 жилийн ноёлол дуусгавар болж сөрөг хүчин ялалт байгуулсан тухай мэдээлсэн. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар Истанбул хотод сөрөг хүчний нэр дэвшигч Экрэм Имамоглу 28,000 хүний саналаар илүүрхэж эрх баригч намын нэр дэвшигч Ерөнхий сайд асан Бинали Иелдиримийг ялсан гэж дамжуулаад байсан юм. Харин даваа гараг эхлэхэд эсрэгээрээ эрх баригч намын нэр дэвшигч 4,000 хүний саналаар ялалт байгуулсан гэжээ. Гэсэн ч сөрөг хүчний нэр дэвшигч “би ялсан гэдгээ мэдэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Харин Анкарагийн нийт саналын 91,4 хувийг тоолсон байдлаар сөрөг хүчний гол төлөөлөгч Бүгд Найрамдах Ардын намын нэр дэвшигч маш бага саналаар илүүрхсэн тухай эх сурвалжуудад бичсэн байна. Гадны эх сурвалжууд энэ удаагийн орон нутгийн сонгууль Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд хатуухан сорил төдийгүй сануулга болсон гэж үзлээ.
Санал хураалтын үеэр хоёр хүн амиа алджээ
Турк улсад болж өнгөрсөн хотын дарга, мужийн захирагч нарын сонгуульд 57 сая гаруй хүн бүртгүүлсэн байна. Санал хураалтын явцад улс орон даяар хэд хэдэн мөргөлдөөн гарч хоёр хүн Малатъяа хотын санал хураах байранд буудуулж амиа алджээ.
Истанбул, Анкара улсын хамгийн том хотууд учраас энд хэн ялна тэр тал сонгуульд ялсан гэсэн үг гэж үзэх хүн олон байна. Ерөнхийлөгч Эрдоган сонгуулийн өмнө эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед өөрийнх нь хувьд болоод намын хувьд маш том сорил гэдгийг хэлж байжээ. Эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам 2002 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсаар ирсэн байна.
Сөрөг хүчний нам Анкарагаас гадна Истанбулд ялж чадсан бол улс төрийн нөхцөл байдалд маш чухал эргэлт гарах байлаа.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com