Украйн улсад өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Санал хураалтын эхний шатанд улс төрийн ямар ч туршлагагүй нэр дэвшигч инээдмийн жүжигчин Володимир Зеленський хамгийн их санал авчээ.
Тэрээр нэр 30,4 хувийн санал авсан бол одоогийн төрийн тэргүүн Петро Порошенко 17,8 хувийн саналаар хоёрдугаарт орсон байна. Эдгээр нэр дэвшигчид энэ сарын 21-нд болох хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдөнө. Улс төрийн туршлагагүй хэдий ч инээдмийн жүжигчин Зеленський Порошенкотой адил Европын Холбоог дэмждэг юм.
Энэ удаагийн сонгуульд Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко өрсөлдөж 14,2 хувийн санал авч дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй үлдлээ. Нийт 39 нэр дэвшигчийн аль нь ч 50-иас илүү хувийн санал аваагүй. Санал хураалтын үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн боловч ерөнхийдөө тайван болсон гэж гадны ажиглагчид дүгнэжээ.
Жүжигчний дүр бодит амьдрал дээр биеллээ олов
Жүжигчин Зеленський “санал хураалтын дүнд баяртай байна гэхдээ энэ эцсийн үр дүн биш” гэж хэлсэн байна. Тэрээр Украйны Телевизээр гардаг “Ард түмний үйлчлэгч” шоуны гол дүр буюу энгийн иргэн байж байгаад авлигын эсрэг тэмсээр эцэст нь Ерөнхийлөгч болдог шударга эрхмийн дүрд тоглодог байна. Сонгуулийн дүн гарсны дараа орон нутгийн хэвлэлүүдээр жүжгийн дүр бодит амьдрал дээр биеллээ олж байна хэмээн бичжээ.
Тэрээр сонгуулийн өмнөх кампанит ажил гэж хэт туйлшралгүй, жагсаал цуглаан хийлгүй цөөн хэдэн ярилцлага өгч улс төрийн өрсөлдөөн дүр зургийг шинэ ба өөр хэлбэрээр өөрчлөхийг хүссэн юм. Харин цахим ертөнцөд залуу иргэдийг уриалсан байна. Украйнчууд шинээр гарч ирэх төрийн тэргүүн Крымын асуудал, хэл соёлын ангилал зэргээр ОХУ, Европын холбоотой ярилцахад бэлэн гэсэн итгэл ард түмэнд байгаа гэж эх сурвалж дурджээ.
Эх сурвалж: www.bbc.com