Г.Пүрэвсүрэн
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) Төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын зургадугаар давхарт байрлах өрөөний цонхоор унаж амиа алдсан 17 настай, жирэмсэн бүсгүйн тухай мэдээллийг сонссон хүн бүр “Юунаас болов, яав” хэмээн цочирдсон. Хүмүүс “Тийм жаахан охин жирэмсэн болохоор ар гэрийнхэн нь загнасан юм болов уу, нөхөргүй юм биш байгаа, амьдрал нь хүнд хэцүү, боломжгүй байв уу, яалт ч үгүй гомдож дарамтанд орсон байх” гэх мэтчилэн таамаг дэвшүүлж, юу болсныг мэдэхийг хүсч байгаа. Гэхдээ хэн ч хүний мууд дурлаж, хов жив хөөе гэхгүй байх шиг санагдана. 17-хон насандаа тасарсан амь, нартад мэндлэх хувь дутсан үр хоёрыг хэн үхэлд хүргэв, аргадаад элгэндээ тэврээд явах аав, ээж, ах дүү байхгүй гэж үү гэдэг асуудал үртэй хүн бүрийн голыг зурж байгаа учраас л тэр гэж бодно.
Тийм учраас сэтгүүлч би бээр, талийгаач бүсгүйн ар гэр, амьдрал ахуйн байдлыг тодруулахаар зориг гарган хөдөллөө. Толгойтод, Зүүн салаан амьдардаг байсан гэх бүдэг бадаг хаягийн мөрөөр орж автобус, такси, явганаар гэр хорооллын гудамж сүлжин, салхинд туугдан явахдаа олох эсэхдээ тун чиг их эргэлзэж байв.
Хороо тодорхойгүй учраас Толгойтын 65 дугаар дэлгүүр, Баянхошуу, Баруун, зүүн салаа гэж явахдаа гудамжинд яваа иргэдээр, автобус, таксины жолоочоор ч зам заалгасан. Хаа очиж аль ч хорооны байраар ороход ажилтнууд нь уриалгахан угтаж, “Ийм хаяг хайж явна” гэхээр гудамжаар нь шүүгээд, өмнөх тодотгол нэрээр нь хөөгөөд байршлыг нь тогтоогоод, зүг чигийг тодорхой заагаад өгөх юм. Ингэж явсаар өдрийн 12 цагт зорьсон айлаа оллоо. Харамсалтай нь тэр хаяган дээр хайсан улс маань байсангүй. Тэд хашаандаа хөлсөөр айл буулгаж байгаад, сүүлд бүр зарсан юм байна. Тэгээд 2016 оны сүүл хавиас эхлээд тэр хаяган дээрээ огт амьдраагүй боловч хороондоо бүртгэлтэй хэвээрээ ажээ.
Талийгаачийн аав тавь гаруй насны залуувтар хүн аж
Ингээд Сонгинохайрхан дүүргийн дөрвөн хороогоор явж, 30 гаруй хүнтэй уулзаж ярилцсаны дүнд эрлийнхээ хар зургийг гаргав. Асууж тодруулах ажиллагааг болгоомжтой, эвтэйхэн явуулсны хүчинд талийгаач охины аавыг таних хүнтэй тааралдлаа, утасны дугаарыг нь ч олов.
Талийгаачийн аавыг Ё гэдэг юм байна. Тэрээр 50 гаруй насны залуувтар хүн бөгөөд таксинд явдаг аж. Зан харьцаа сайтай, элдэв аашгүй, түс тас зантай хүн байдаг бөгөөд хүүхдүүдийнхээ араас хөөцөлддөг, анхаарал тавьдаг талаар нь ч мэдлээ. Том охин нь үе үе өвдөж сандаргадаг, дээхнэ үед нэлээн асуудалтай байсан талаар нэг хүн ярьсан. Тэр болгонд л аав нь араас нь хөөцөлдөж явдаг байжээ. Мөн эхнэрээсээ салсан байж магадгүй юм байна. Хоёр ч хүний ярианаас “Тусдаа байдаг юм шиг байна лээ, авгайг нь сайн мэдэхгүй” гэсэн үгс цухалзсан.
Ё-гийнх гэдэг айл дундаж амьдралтай, гаднаас нь харахад боломжийн, тэнд амьдарч байхдаа элдэв муу нэргүй, гайгүй л амьдралтай байж. Хүмүүс “Хашаагаа зарсан, Таван шард байр хөлсөлж суудаг гэсэн, байр авсан гэж сонссон” гэх мэтээр ярихыг сонсвол амьдрал ахуй нь дээшлээд боломжийн л яваа бололтой юм. Энэ бүхнээс харахад талийгаач охин аав, ээжтэй, гайгүй амьдралтай айлын хүүхэд байжээ.
Талийгаачийн нэрийг А гэдэг, 2002 онд төрсөн бөгөөд хоёр эгч, нэг ахтай айлын бага хүүхэд байжээ. Охинд золгүй явдал тохиолдож нас барсныг, аав нь Ё гэдгийг амьдарч байсан газрынх нь хүмүүс хараахан мэдээгүй байгаа бололтой. Би ч тэр талаар ярьсангүй.
Ээжийнх нь эгчтэй таарах шахав
Нэгэнт хаяг, эзэн нь тодорсон учраас харъяалах хороогоор нь орлоо. Намайг тэр хороогоор орохын өмнөхөн талийгаачийн ээжийн эгч ирээд явсныг хүмүүсийн ярианаас олж мэдэв. Тэр хүн хорооноос хасалт хийлгэхээр ирсэн бөгөөд, улсын бүртгэлийн ажилтантай уулзахдаа нас барсан охины талаар хэлсэн учир тэр хавийн хүмүүс талийгаач А болон гэр бүлийнх нь талаар дөнгөж мэдсэн байв.
Талийгаачийн ээжийн эгч тэндээс гараад “Буян” компани руу явсан байлаа. Ингээд бид яалт ч үгүй зөрчихсөн. Тааралдсан бол ганц нэг асуултад хариулт авчих байсан байж магадгүй юм. Юутай ч ээж нь охиныхоо ажил явдлыг бүгдийг мэдэж байгаа бололтой. Томоо болсон сайхан үрээ алдсан ээжид амаргүй байгаа нь мэдээж шүү дээ.
А охины ээж эрүүл мэндийн байгууллагад ажилладаг гэнэ. Ээжийнх нь талаар өөр мэдээлэл олж чадсангүй.
Гэхдээ ээжийнх нь эгчтэй утсаар ярих гэж хэдэнтээ оролдлоо. Эхлээд утас нь байнга салгаатай байснаа, 14.00 цагаас хойш нэг эрэгтэй хүн аваад хаанаас ярьж байгааг асууж, “Хэнээс утас авсан бэ” гэж шалгаасан. Би “Олон хүнтэй уулзаж байж энэ гэр бүлийн талаар мэдээлэл цуглуулсан, утсыг хаанаас авснаа хэлэх боломжгүй” гэдгээ илэрхийлсэн. Тэгээд “Гадуур янз бүрийн мэдээлэл тараад байна, “Ардчилал таймс” өдөр тутмын сонинд тодруулга өгөөч, охины талаар цөөн асуулт асууя, бид та бүхнийг эвгүй байдалд оруулахгүй итгээрэй, бид энэ асуудлын араас хоёр өдөр явж байна” гэх мэтээр тайлбарлаж учирласан боловч “Бид ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна. Таньтай эргээд холбогдоё” гэсэн юм.
Талийгаачийн ар гэрийнхэнд мэдээж хүнд хэцүү байгаа. Гэхдээ би талийгаач А-ийн ар гэр, амьдралын талаар мэдэхийг зорьсон учраас ганцаараа байгаагүйг нь, араас нь санаа тавих ах дүүс байсныг мэдэж авлаа.
Талийгаач А нөхөртэй байж
Би Ё-гийнх гэдэг айлыг хайсаар Таван шард очлоо. Хоёр ч хороогоор орж асуулт тавьж тандаж үзлээ. Санамсаргүй тааралдсан хорооны цагдаагаас баахан лекц сонсов. “Та юу асуув, яах гэсэн юм” гэхээр нь “Сэтгүүлч байна аа. Ийм асуудлын араас явж байгаа юм” гээд үнэнээ л хэлсэн. Гэхдээ тэр хорооны цагдаа ямар ч мэдээлэлгүй, сүрхий сүржин байрын эр байсан тул “Уучлаарай, та бид хоёр адилхан мэдээлэлгүй юм байна. Би зүгээр л айл хайж яваа юм” гээд эвтэйхэн холдлоо. Гэхдээ тэгж уйгагүй явсны хүчинд талийгаач А-ын нөхөр нь Г гэж залуу байдгийг мэдэж утсыг нь олж авсан боловч утас нь хаагдсан байлаа. Талийгаач А жирэмсний хяналтад байхдаа Г-ийн хамт ирж үзлэгт хамрагддаг байсан байна. Нөхрийнхөө буюу нөхрийн аав Б-ын гэрийн хаяган дээр бүртгэлтэй, тэр хаягийн дагуу хорооны эмнэлэгт хяналтанд орсон байжээ. Би тус хорооны эмнэлгээр орж мэдээлэл олохыг хүссэн боловч эмч рүү шууд яваад орчих боломж таарсангүй. Тэгээд ч нэг өрөөнд хоёр эмч суучихсан, үүдэнд нь нялх хүүхэд тэвэрсэн аав, ээжүүд, жирэмсэн бүсгүйчүүд хүлээж байх тул яриа хөөрөө өрнүүлэх аргагүй ажээ.
Ийнхүү олны хардлагыг төрүүлээд байсан бас нэг асуултын хариуг оллоо. Талийгаач бүсгүй нөхөртэй байжээ. Албан ёсоор гэрлэсэн эсэхийг нь мэдэх аргагүй ч дагуулаад явдаг найз залуутай, үр нь эцэгтэй байсан юм байна шүү.
Хадам аав нь мөн болов уу?
Талийгаач А-ын найз залуу Г-ийн аавыг Б гэх бөгөөд 40 гаруйхан насны хүн байдаг гэнэ. Тэдний гэр яг Таван шар дотроо юм байна. Б-ийнх тэр байрандаа арав гаруй жил болжээ. Гэргийнх нь талаар баттай мэдээлэл олоогүй боловч “Анхны эхнэр нь гурван жилийн өмнө нас барсан, ахин гэрлэсэн байж магадгүй” гэсэн яриа сонслоо. Мөн тэд боловсролтой байрын, гайгүй хүмүүс харагддаг гэнэ.
Би шууд яваад орвол уурлах болов уу, яах бол гэж бодсоор халган байж хаалгыг нь цохисон. “Монгол хүн байна даа. Ийм үед муухай загнахгүй” байх гэж бас найдсан л даа. Тэгтэл тогшилтын хариуд ямар ч чимээ гарсангүй. Нэлээн зогслоо. Тэгээд Б-ийн утас руу залгаж бидний хооронд ийм яриа боллоо.
-Уучлаарай, би өдөр тутмын сониноос ярьж байна. ЭХЭМҮТ-д эндсэн охины тухай юм л даа?
-Үгүй, үгүй. Би ямар ч хариулт өгөхгүй.
-Гадуур “Хадмуудаасаа болсон байж магадгүй” гээд эвгүй яриа яваад байна л даа. Та энэ тал дээр ганцхан хариулт өгөөч. Бид ямар нэг байдлаар шуугиан үүсгэж, эвгүй байдалд оруулах гээгүй юм шүү?
-Тийм юм ерөөсөө байхгүй. Цагдаагийн байгууллага шалгаад тогтооно шүү дээ.
-Таны хүү гайгүй юү. Сэтгэл санаа нь ямар байна?
-Маш муу байна. Бид нар бүгдээрээ маш хэцүү байна.
Бидний хооронд ийм богино яриа өрнөсөн боловч талийгаач А-ын найз залуу Г-ийн аав ч шаналж буйг ярианы өнгөнөөс нь мэдэв. Б гэдэг хүнийг талийгаачийн хадам аав гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй ч найз залуугийнхаа гэр бүлтэй нэг хаяган дээр байж, жирэмсний хяналтанд орсныг нь баттай мэдэж авлаа.
Эргэлтийн хаалга онгойдоггүй юм байна
Ийнхүү явсаар үд хэлбийсэн тул сурвалжилагаа дуусгахаас өөр аргагүй боллоо. Тэгээд Таван шараас ЭХЭМҮТ рүү хөдлөв. Тэнд байгаа эргэлтийн хаалгыг нүдээр харж, тогшиж үзэхгүйгээр ажлаа хагаслаад хаячих арга байгаагүй юм. Төрөх тасагт эргэлтийн хоёр хаалга байдаг юм байна. Би төв зам руу буюу Гандан руу харсан хаалгаар орж шатаар өгслөө. Байрыг гаднаас нь харвал зургаан давхар, шат нь харин таван давхар юм. Нэг давхрын хэсэг нь довжооноос доош болохоор л зарим хүн таван давхар гэж яриад байж гэж бодлоо. Нэг, хоёр, гурван давхрын хаалганы жижиг цонхнууд онгорхой, хүмүүс уулзаж зогсоно. Дөрөв, таван давхрын хаалга тас хаалттай байв. Би зорьж очсон учраас хамгийн дээд давхрын буюу төрөх тасгийн хаалгыг тогшиж, хонхыг нь дарж хэсэг зогслоо. Тэнд надаас гадна гурван ч хүн байсан. Тэд “Наад хаалга чинь онгойхгүй ээ, мөд хүн ирдэггүй юм. Бид хэд ч бас тогшоод хүлээгээд байж байна” гэв.
Өчигдрийн сурвалжлагын үеэр сонссон “...Унахаас нь өмнө бидэнтэй хамт байсан хадам эгч маань шатаар гүйж зургаан давхарт гараад эргэлтийн жижигхэн цонхыг нь цохиод, цоожтой хаалгыг нь нүдээд, “Наанаас чинь хүн уналаа, туслаач ээ, татаач, хүн байна уу?” гээд хашгирсан чинь хэн ч хариу өгөөгүй, хүн ирээгүй байна лээ.
Хэрэв тэр хаалга онгойсон бол эгч гүйж ороод цаанаас нь татах байсан ч юм бил үү, ёстой аймаар” гэсэн үгс л намайг энэ хаалга руу хөтөлсөн юм. Нээрээ тэр хаалга онгойдоггүй, хурдан ирээд онгойлгох хүн байдаггүй бололтой.
Би шатаар уруудаж явахдаа, нярай хүүхдийн шингэн дуу хадаж, аав, ээжүүдийн баяртай царай гэрэлтэх энэ өргөөнд ирчихээд эндсэн, үрээ аваад ниссэн 17-хон настай нялх ээж А-г бодохгүй байж чадсангүй.
Талийгаач А аавтай, ээжтэй, нөхөртэй, хадамтай, эгчтэй, ахтай хамаатантай байсан байна шүү...