СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-04-01

Их найрагч Б.Явуухуланг цул мөнгөн тэмдэг дээр сийлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Эрдэнэ

XX зууны манлай яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МЗЭийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, “Явуухулан” сангийн тэргүүн Э.Чинзориг нар ойн арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

. Явуу багшийн 90 жилийн ойг тэмдэглэх, дурсан санах, намтар, уран бүтээлийг мөнхжүүлэх үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлсэн. Багшийн маань ойрын хамаатан, утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баатар “Явуухулан” судлалын томоохон, даацтай дөрвөн боть ном АНУ-д хэвлүүллээ. Бид гуравдугаар сард үйл ажиллагааг эхлүүлэхдээ гурван ном танилцуулсан. Үүнд, Явуухулангийн бүтээлийн дээж, эх оронч яруу найрагч О.Дашбалбарын “Явуухулангийн тухай” бичсэн эссэ, шүлэг найргийн дээжис, мөн Явуухулангийн яруу найргийн шилмэл дээжийг англи хэл дээр орчуулж хэвлэн нийтэлсэн юм. Мөн Явуу багшийн 90 жилийн ойд зориулан Монголын утга зохиол, соёлд оруулсан үйлс, үнэ цэнийг XXI зуунд ч 20-оод оны түвшинд эргэж нэг дүгнэж цэгнэх ёстой тул томоохон эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөж байна. Иймд энэ салбарын нийт эрдэмтэн мэргэд, судлаач, шүүмжлэгчид, оюутнууд оролцох байх. Хурлыг ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөсөн” гэлээ. Харин төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж “Энэ цагийн яруу найрагчид Явуугийн яруу найргийг хэрхэн хардаг бол гэж бодон хоёр зүйлийг хэлэхээр ирлээ.

Явуухулангийн яруу найргийг бидний үеийнхэн уншаад нэгдүгээрт, хүн гэдэг амьтан техник болж болохгүй шүү гэсэн сэрэмж санааг өгүүлсэн гэж анзаардаг.

Хоёрдугаарт, яруу найргаар дамжуулж хүний сэтгэлийг ариусган тунгалагшуулж болдог юм шүү гэдэг нандин сайхан санааг шивнэж хэлсээр “ гэсэн юм.

Тэгвэл Бэгзийн Явуухулангийн төрсөн нутаг болох Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан ийн хэлэв. “Гуравдугаар сарын 15-ны өдөр их найрагчийн 90 насны төрсөн өдөр тохиосон түүний төрсөн бууц болох Алдархаан сумын Ар амны тасархайд арга хэмжээ зохион байгуулсан байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын талаар мэдээлэл өгье. Одоогоос 10 жилийн өмнө түүний 80 насны ойд зориулсан яруу найргийн наадмыг Завхан аймагт зохион байгуулж байсан бол таван жилийн өмнө 85 насны ойд зориулсан яруу найргийн наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байв. Энэ удаагийн буюу гурав дахь наадам их найрагчийн төрсөн бууцан дээр болно. Яруу найргийн наадам хоёр үе шаттай байгаа. Эхний наадмын шалгаруулалт дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх юм. Тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцох шүлгүүдийг хүлээн авна. Үүнд хэн ч шүлгээ өгч болох бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд ном гаргасан байх учиртай. Шүлгээ, номын хамт явуулна. Эхний шатанд наадмын шүүгчид ирсэн шүлгүүдийг уншиж танилцан шалгаруулах бол хоёр дахь шатны шалгаруулалт зургадугаар сарын 6-ны өдөр болно. Мөн энэ наадам есөн тэргүүн байртай гэдгээрээ их содон. Есөн тэргүүн байр нь есөн хутагтын хишиг хүртэнэ гэсэн үг. Бид хутагтуудыг яруу найрагчидтай холбож буй учир нь тэдний бүтээж буй зүйл нь нийгмийг соён гэгээрүүлэх сайн сайхны төлөө байдгаараа утга нэг юм. Энэхүү наадамд ивээн тэтгэгчээр орох боломжтой бөгөөд хөрөнгө оруулагчиддаа ч Завхан нутгаас төрсөн хутагтын хишиг хүртээх болно. ” гэв.

“Явуухулан сан”-гийн тэргүүн Э.Чинзориг “Зургаадугаар сарын 6-нд төрсөн бууц дээр нь зохион байгуулагдах яруу найргийн наадмаас гадна бид тавдугаар сард Улаанбаатар хотноо мөн яруу найргийн цэнгүүн зохион байгуулахаар төлөвлөж байна. Есдүгээр сард олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бөгөөд Монголын утга зохиолыг судалдаг гадаадын эрдэм шинжилгээний ажилчид, эрдэм шинжилгээний ажилчид болон яруу найрагч, утга зохиолын зүтгэлтнүүд ирнэ. Утга зохиол сонирхогчид энэ бүх арга хэмжээнүүдэд оролцоход идэвхитэй оролцох боломжтой юм шүү” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.