Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн шинэ сар айлчлан ирлээ. Шинэ сарын эхний долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлыг BBC агентлагийн танилцуулснаар уншигч та бүхэндээ хүргэж байна.
1. Истанбулын шинэ нисэх буудал ашиглалтад орно
Энэ долоо хоногт нээлтээ хийх хосгүй чамин хоёр барилгын нэг нь Туркийн Истанбул хот дахь цоо шинэ нисэх онгоцны буудал юм. Истанбул нисэх буудал хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал Европын төдийгүй дэлхийн хамгийн завгүй нисэх буудал болно. Баасан гарагийн шөнө 03:00 цагаас эхлэн одоо байгаа Ататурк нисэх буудлын үйл ажиллагааг шинэ нисэх буудал руу шилжүүлж орон нутгийн цагаар ням гарагийн шөнө дунд гэхэд дэлхийн хамгийн отгон нисэх буудал бүрэн ажиллана.
Инстанбул нисэх буудал 2021 он гэхэд 300 чиглэлд 90 сая зорчигч тээвэрлэж, 500 шалган нэвтрүүлэх цэг, 40,000 онгоц нэг дор зогсоох багтаамжтай талбайтай ба зургаан замтай ажээ. Цаашид зорчигчдын тоог 200 сая болтол нэмнэ гэсэн зорилттой байгаа юм.
2017 оны судалгаагаар дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудлаар Жэксон Атланта олон нисэх буудал нэрлэгдэж байсан бол Истанбул нисэх буудал үүнээс бараг хоёр дахин их хүчин чадалтай. Гэвч барилгын ажлын үеэр 30 гаруй ажилчин амиа алджээ.
2. Лондоны шинэ цэнгэлдэх хүрээлэн анхны тэмцээнээ зохион байгуулна
Тоттенхэм Хотспөр цэнгэлдэх хүрээлэн энэ лхагва гарагт анхны тэмцээнээ зохион байгуулахаар болжээ. Лондоны хойд хэсэгт байрлах будаг нь ханхалсан шинэхэн цэнгэлдэх хзрээлэн 62,062 үзэгчийн суудалтай. Зохион байгуулагчид Тоттенхэм Хотспөр нь Лондоны төдийгүй дэлхийн шилдэг цэнгэлдэхүүдийн нэг байх болно гэжээ. Хүмүүсийн сонирхлыг татаж байгаа өөр нэг зүйл гэвэл та энд хүссэн хэмжээгээрээ шар айраг залгилж дуртай тэмцээн уралдаанаа үзэх боломжтой.
3. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох шүүх хурал болно
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын “Нэг Малайз хөгжлийн сан”-тай холбоотой авилгын хэргийн шүүх хурал лхагва гарагт болно. Хэдийгээр экс Ерөнхий сайд хэргийг үгүйсгээд байгаа ч гэмт хэрэг үйлдсэн гэж яллуулах өндөр магадлалтай байгаа юм. Улсын сангаас олон тэрбум доллар ор сураггүй алга болсон ба энэ мөнгө Малайзын иргэдэд туслахад зарцуулагдсан уу хэн нэг эрх мэдэлтний халаасанд орсон уу гэдэг нь тодорхойгүй. Нажиб Разак нь манай улсын иргэн агсан Ш.Алтантуяагийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн ч огт танихгүй хэмээн хариулсан. Энэ зун шүүх хурал үргэлжилнэ.
4. БРЕКСИТ???
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс Европын Холбооноос өрх тусгаарлахаар санал нэгдсэн ч чухам ямар хувилбарыг сонгож бие даан оршин тогтнох нь тодорхойгүй болоод байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдөр гэхэд Британийн Парламент өөрсдийн хувилбарыг баталж Европын Холбоонд танилцуулах ёстой байсан ч хугацааг сунгасан. Энэ долоо хоногт БРЕКСИТ хэрхэн шийдэгдэх бол? Британийн Парламентад ямар өөрчлөлт гарах вэ?
Эх сурвалж: www.bbc.com