Т.САЙХАН
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дуулианы хажуугаар 51 хувьтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэг болж, асуудал нь чимээгүйхэн прокурорт буцсан байдаг. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчлан саатуулдаг яг тэр өдөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг болсон байдаг. Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар болон “Алтжин”-гийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан. Хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байдаг.
Тэгвэл прокурорын байгууллагаас “Жастын Ш.Батхүүд холбогдох хэрэгт эсэргүүцэл бичиж шүүх рүү буцаасан байна. Прокуророос Ш.Батхүүг “Алтжин” группын захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзсэн. Энэхүү шийдвэрээ хэвээр явуулсан гэсэн үг. Өмнө нь Г.Алтан, Э.Сүрэн нар Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх тэдний талд шийдвэр гаргаад байсан юм. Харин энэ хэрэгт шинэ нөхцөл үүсч, Г.Алтан, Ш.Батхүү нарыг Төрийн банкийг залилсан гэж үзээд байна. Тэгэхээр Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нар Төрийн банкнаас 51 тэмбум төгрөгийг авч чадахгүй харин эрүүгийн хариуцлага хүлээх болж байна. Тухайлбал Прокурорын үндэслэлд тэднийг иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг дурдсан байна. Мөн тэдэнд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн учраас 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх санал хүргүүлжээ.