Уолт Дисней ирэх тавдугаар сард “Оддын дайн: Galaxy’s Edge” шинэ тоглоомын газраа нээхээр бэлтгэлээ базааж байна. Нээлтийн өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Калифорни, Флорида мужуудад байдаг паркууддаа тамхи татахыг хориглохоор болжээ.
Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Диснейлэндүүдэд зочлохдоо үйлчлүүлэгчид тамхи татаж болохгүй гэдгийг санахаас гадна хүүхдэд зориулсан том тэрэг оруулахгүй гэж мэдэгджээ. Walt Disney World, Disneyland цэцэрлэгт хүрээлэн, усан паркууд, ESPN Wide World спорт цогцолборууд болон Downtown Disney зэрэг газруудад шинэ дүрэм үйлчилнэ.
Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газруудын гадна талбайд тамхи татахыг зөвшөөрсөн цэгүүд байгуулна. Мөн таны хүүхдийн тэрэг өргөнөөрөө 79 см, өндрөөрөө 132 см-ээс хэтрэхгүй байх ёстой. Хэрэв заасан хэмжээнээс хэтрээд байвал парк доторх хүүхдийн тэрэг түрээслэх үйлчилгээг өдрийн 15 ам.доллараар авч болно.
Удахгүй нээлтээ хийх “Оддын дайн: Galaxy’s Edge” зургаан га талбайг хамрах тоглоомын газартай холбогдуулан Диснэйлэнд тасалбарын үнээ найман хувиар нэмсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com, www.reuters.com