СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-03-29

Хүнд ямар их хүч нуугдаж байдгийг харуулсан алдартнууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Алдартай илтгэгч 35 настай Ник Вуйчич генетикийн ховор төрлийн өвчний улмаас дөрвөн мөчгүй төрсөн нэгэн. Гэхдээ тэр амьдралд бууж өгөөгүй. Зохиол бичиж, илтгэл тавин карьер хөөснөөс гадна гэр бүлийн амьдралаа ч босгож чадсан билээ. Ник 2012 онд Канаэ Мияхаре гэх бүсгүйтэй гэрлэж, жилийн дараа хүүтэй болсон юм. Үүнээсээ хоёр жилийн дараа тэд хоёр дахь хүүхдээ энгэртээ тэвэрсэн билээ. Хоёр хүү цоо эрүүл төрсөн юм. Харин одоогийн байдлаар алдарт илтгэгч дөрвөн хүүхдийн аав болоод буй. Түүнийг маш олон хүнд урам зориг өгч, үлгэр дууриалал үзүүлсэн гэдэгт хэн ч маргахгүй байх. Яг түүн шиг хөгжлийн бэрхшээлтэй ч амжилтад хүрч өөрсөд шигээ төдийгүй энгийн хүмүүст ч урам зориг, эрч хүч бэлэглэдэг хүмүүс энэ дэлхий дээр олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй атлаа амжилтад хүрсэн эдгээр хүн хүнд хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй оргил байхгүй гэдгийг харуулж байгаа юм.Хэн нэгэнд урам зориг, итгэл найдвар өгч, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, явсан зам, алдсан алдаа, итгэл үнэмшил, амжилтад хүрсэн түүхээ бусадтай хуваалцаж, тэдэнд амьдралд итгэх итгэл бэлэглэнэ гэдэг хамгийн том өглөг.

 

ХҮНД ЯМАР ИХ ХҮЧ ЧАДАЛ НУУГДАЖ БАЙДАГ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН ХҮМҮҮС

 

Жессика Лонг

Төрөлхийн шилбэний ясгүй, тавхайн жижигхэн ястай төрсөн энэ бүсгүй Сибирьт төрсөн ч ой гаруйхан настайдаа Америк гэр бүлд өргүүлэн Америкийн иргэн болсон юм. Паралимпийн
13 төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоосон Жессикагийн орос нэр нь Татьяна Кирилова. Тэрбээр 1992 оны хоёрдугаар сарын 29-нд буюу дөрвөн жилд нэг удаа тохиодог өдөр ОХУ-ын Сибирийн Брацк тосгонд төржээ. Түүнийг аав, ээж нь 17, 18 настайдаа буюу нийгмийн шилжилтийн хүнд үед, өнөө маргаашийн идэх хоолоо яаж олох вэ гэж зүдэрч явахдаа ээж нь Татьянаг төрүүлжээ.

Эцэст нь аав, ээжийнх нь сэтгэлийн тэнхээ хүрэлгүй тахир дутуу төрсөн бяцхан охиноо төрөх эмнэлэгт орхиод явжээ. Харин эмнэлгийн сайн санаат сувилагч нар Татьяна охиныг асрамжийн газар хүргэж өгсөн нь ирээдүйн хувь заяаг нь шийдсэн байна. Чухам тэр үед одоогийн Америк аав ээж нь Орост явж байхдаа түүнийг асрамжийн газраас өргөн авч эрх чөлөөний орондоо аваачжээ. Мөн төрлөхийн явж чадахгүй байсан ч багаас нь усан спортоор хичээллүүлж, гэрийн багш хөлслөн авсан аж. Бэлтгэл сургуулиа цаг хором бүрийг алдалгүй шаргуу хийж байсан Татьянад аав, ээж нь Жессика Лонг гэдэг шинэ нэрийг өгсөн юм.

Улмаар Жессика Лонг нэрээрээ тэмцээн, уралдаанд орж эхэлжээ. 2003 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Сибирийн охин 2004 оны Афины паралимпт анх удаа оролцохдоо 100, 400 метрийн чөлөөт, 4х100 метрийн буухиа сэлэлтэд гурван алтан медаль энгэртээ зүүж дэлхийн хэмжээний тамирчин болсон гэдгээ харуулсан. Үүнээс хойш ур чадвар нь өсөхийн хэрээр олон улсын тэмцээнүүдээс зөвхөн алтан медаль хүртэх болсон. 2008 оны Бээжингийн паралимпээс 100, 400 метрийн чөлөөт, 100 метрийн эрвээхэй, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд дөрвөн алт, 100 метрийн араар даллалтын төрөлд мөнгө, 4х100 метрийн буухиа сэлэлтээр хүрэл медаль, 2012 оны Лондоны зуны наадамд 100 метрийн эрвээхэй болон чөлөөт сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн мэлхий сэлэлт, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд таван алт, 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хоёр мөнгө, 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болжээ.

Мөн дэлхийн аваргын тэмцээнээс 2006 онд гурван алт, 2009 онд дөрвөн алт, 2011 онд хоёр алтан медалийг хүртэж, манай гарагийн өнцөг булан бүрт түүний нэр нь цуурайтсан билээ. 

 

Оскар Писториус

100, 200, 400 метрийн гүйлтийн уралдаанд дэлхийн рекордыг эзэмшигч Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус дэлхийн хамгийн алдартай паралимпч. Булчингийн хөгжилгүй төрсний улмаас тэрбээр 11сартайдаа хоёр хөлөө тайруулсан байна. 25 нас хүртлээ рабигийн спортоор хичээллэсэн ч өвчин түүнийг тайван орхисонгүй. Өвдөгний бэртэл нь сэдэрсний улмаас 2004 оноос гүйлтийн спортруу оржээ. Гүйлтээр хичээлснээс хойш сарын дотор буюу 2004 оны паралимпээс Писториус 100 метрийн гүйлтэд хүрэл, 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр 100 метрийг олимпийн аваргын үзүүлэлтээс 1.31 секундээр л удаан гүйсэн байв. Оскар паралимпийн гүйлтийн төрлөөс нийт 19 медалийг богцолсон.

 

Муниба Мазари 

Муниба Мазари 21 настай байхдаа машины осолд орж, биеийнх нь доод хэсэг нь бүхэлдээ мэдээгүй болж, хоёр гаруй сарыг эмнэлэгт өнгөрөөхдөө таван удаа хүндхэн хагалгаанд оржээ. Гэхдээ түүний нурууны хөвч гэмтсэн байсан учир хөл дээрээ дахин босно гэдэг боломжгүй болсон юм. Өвчтэй байхдаа өөрт мэдрэгдсэн зовлон шаналалаа уран зургаар дүрслэн харуулах болсноор өөрийгөө зураг зурах багагүй авьяастай гэдгээ анх нээсэн байна. Харин одоо тэр 31 настай. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэр хувь хүнийхээ хувьд чамлахааргүй амжилтад хүрэхээс гадна түүний зурсан зураг алдартай болж, тавьсан илтгэлийг “TED” –ээр олон мянган хүн үзэж, тэргэнцэртэй миссийн тэргүүн байрыг ч аваад амжсан. Одоо Мазира телевизийн хөтлөгчөөр ажиллахаас гадна урилгаар илтгэл тавьж, Пакистан охидын эрхийг хамгаалж, суралцах, авьяас чадвараа дэлхийд таниулахад туслахаар хичээж ажиллаж байна. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй амжилтад хүрч чадсан хүмүүсээс хамгийн алдартай нь. 

 

Аарунима Синха

Тэр бол Эверестийн оргилд гарсан дэлхийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн. Түүнийг хэсэг халаасны хулгайчид явж байгаа галт тэрэгнээс түлхэснээс болж, хөлөө алджээ. Тэр эргэн тойрныхоо хүмүүсээр өрөвдүүлэхийг хүсээгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн энгийн хүмүүсийн хийж чаддаг зүйлсийг хийж чадахгүй гэх бусдын бодлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Тэр нэг хөлтэй атлаа Эверестийн оргилд хүрснээр бүрэн бүтэн биеэс илүү сэтгэлийн хүч, зорилго илүү хүчтэй гэдгийг харуулсан юм.

 

Ральф Браун

Браун зургаан настайдаа булчингийн дистрофи гэж оношлогдож байжээ. Стивен Хокинг мөн адил булчингийн дистрофи өвчтэй байсан бөгөөд тус өвчин даамжирсаар хүний бараг бүх биеийг мэдээгүй болгодог. Харин Браун одоо “Braun” корпорацийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Түүний үүсгэн байгуулсан “Braun” корпораци хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдартай. Браун 15 настайгаасаа эхлэн өөртөө зориулан хялбархан хөдөлгөж болох тэргэнцэр хийж эхэлсэн байна. Харин 20 настайдаа тэргэнцэрээ мотортой болгожээ. Тэр “Braun” корпорациараа дамжуулан олон сая хүний амьдралыг хялбарчилсаар байгаа билээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама “Өөрчлөлтийн аварга” гэж нэрлэсэн байдаг. Үнэндээ тэр бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг өөрчилсөн хөгжлийн бэрхшээлтэй хүн юм. 

 

Хелен Келлер

Хелен бол Алабама мужид ажиллаж амьдарч буй АНУ-ын зохиолч, улс төрийн идэвхтэн мөн лектор. Тэрбээр төрөлхийн дүлий, сохор бөгөөд коллежид сурч, дараа нь магистер, доктор хамгаалсан хамгийн анхны сонсголын болон харааны бэрхшээлтэй хүн. Түүнчлэн Хелен “Miracle Worker” гэх кинонд дүр бүтээгээд амжсан. Киног олон зуун сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд
нийгэмд хөл тавьж бусад шиг ажиллаж амьдрах болон суралцахад тусалсан Энкал Салливан гэх багшийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.Үүнээс гадна тэрбээр 12 ном бичсэнээс “My Religion, and was also a member of the Socialist Party in America” ном нь хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан юм. Түүнийг хүмүүс мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээр нь сайн мэддэг.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.