Ц.Даваасамбуу
Британийн ерөнхий сайд Тереза Мэй огцорно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр намынхаа хурал дээр “Брексит”-ийн гэрээг парламентаар баталсан даруй огцрохдоо бэлдэнэ. Гэхдээ би танхимд цугласан гишүүдээс бидний хүлээсэн түүхэн үүргийг биелүүлж, Британийн ард түмний сонголтыг хүндэтгэн, Европын холбооны бүрэлдэхүүнээс хууль ёсны дагуу гарах үйл явцыг эхлүүлэх боломж олгохыг хүсч байна. Тиймээс гэрээг баталж, түүхэн үүргээ гүйцэлдүүлэхийг парламентад суудалтай Консерватив намын нөхдөөсөө хүсч байна” гэжээ.
Мөн Тереза Мэй “Парламентад байгаа улс төрийн намыхны байр суурийг олон удаа сонслоо. Хэрэв энэ гэрээг баталчих юм бол намайг улс төрийн дараагийн алхмаа хийж карьераа үргэлжлүүлнэ гэж болгоомжилсон гишүүд байгааг би ойлгож байна” гэсэн байна. Ерөнхий сайдын суудлаас буух хугацааг товлоод өгчих юм бол төлөвлөгөөний дагуу Консерватив намаас гарч шинэ ерөнхий сайдад албаа хүлээлгэн өгнө гэдгээ ч хэлсэн байна.
Сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин “Гэрээг нь батлаад дэмжээд өгвөл огцорно гэдэг Мэйгийн энэ санал, түүний боловсруулсан “Брексит”-ийн стратеги намынх нь менежмент байснаас биш нийтийн ашиг сонирхол, зарчим биш байсныг харуулж байна. Засгийн газраа өөрчлөх асуудал консервативчуудын нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлсэн шийд байх ёсгүй. Түүнийг нийтээрээ шийдэх ёстой” гэж ярьжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Их Британийн парламент “Брексит”ийн асуудлаар ээлжит санал хураалтаа явуулж, уг үйл явдалтай холбоотойгоор цаашид авах арга хэмжээний найман хувилбарын алийг нь ч Их Британийн парламентын гишүүд дэмжээгүй. Тодруулбал, “Brexit”-ийн асуудлаар Европын холбоотой байгуулсан хэлэлцээрийн үр дүнг батлахын тулд бүх нийтийн санал асуулга явуулах, “Brexit”-ээс бүрмөсөн татгалзах, гэрээ байгуулахгүйгээр Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах, Их Британи Европын чөлөөт худалдааны холбоонд элсэн орох, Европын эдийн засгийн бүс дэх гишүүнчлэлийг болон Европын гаалийн холбоон дахь оролцоог хэвээр үлдээх, мөн гэрээ байгуулах боломжгүй болсон үед Европын холбоотой хөнгөлттэй нөхцөлтэйгөөр худалдааны хэлэлцээрүүд байгуулах гэсэн хувилбарыг Их Британийн хууль тогтоогчид хэлэлцээд хүлээж аваагүй байна.
Үүнээс гадна, Европын холбооны Гаалийн холбоон дахь Их Британийн гишүүнчлэлийг хэвээр үлдээж, Европын зах зээлийн нэгдсэн журмыг Их Британийн худалдааны дүрэм журмуудтай нарийн зохицуулах талаар тусгасан сөрөг хүчний Лейборист намын санал болгосон хувилбарыг ч дэмжээгүй аж. Дээрх хувилбаруудыг хэлэлцүүлж, санал хураалт явуулсны гол зорилго нь эдгээрээс аль нь хууль тогтоогчдын олонхын дэмжлэг авах боломжтой вэ гэдгийг тодруулах, мөн нөхцөл байдлыг гацаанаас гаргах юм. “Brexit”-ийн асуудал эрхэлсэн сайд Стивен Барклигийн хэлснээр, ерөнхий сайд Тереза Мэйн санал болгосон гэрээ боломжит хувилбаруудаас хамгийн сайн хувилбар аж.
Их Британийн парламентын гишүүд одоогийн байдлаар цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос дахин санал хураах аж. Их Британийн парламент “Брексит”-ийг дэмжвэл ирэх тавдугаар сарын 22-оос эхлэн Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах үйл явцыг эхлүүлэх боломжтой болох юм. Тавдугаар сарын 22 гэсэн хугацааг өнгөрсөн долоо хоногт болсон Европын холбооны дээд уулзалтаар тогтоосон. Ямартай ч гишүүд “Брексит”-ийг дэмжих эсэхээс шалтгаалж, Их Британийн дараагийн удирдагч Европын холбоотой цаашдын ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн хэлэлцээд явах юм. Энэ маягаар 2020 оны сүүлч гэхэд “Брексит”-тэй холбоотой асуудал бүрэн шийдэгдэх болно гэж төлөвлөж байна. Гэтэл Тереза Мэйн дэвшүүлсэн Европын холбооноос гарахаар боловсруулсан санал консерватив намын гишүүдээс дэмжлэг хүлээх эсэх нь мөн л тодорхойгүй байна. Мэй өөрийн төлөвлөсөн санааг хэрэгжүүлэхийн тулд дор хаяж 75 гишүүний саналыг өөрийн талд эргүүлэх шаардлагатай байгаа юм. Тереза Мэй 2016 оноос хойш Британийн эрх баригч Консерватив намыг даргалж байгаа билээ.
эх сурвалж: https://www.bbc.com/news/uk-politics-47729773