Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар дэмжин баталсан билээ. Тэгвэл уг хуулиуд батлагдсанаар нийгэмд ямар нөхцөл, байдал үүсэх талаар бид Хуульзүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Хуульзүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан нараас тодрууллаа.
Хуульч, доктор Б.Гүнбилэг:
УИХ дээр /03.27/ батлагдсан хуулийн тухайд:
- Шүүх эрх мэдэл бол бие даасан салбар. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын гурван хэсгийн нэг нь Шүүх эрх мэдэл. ХУУЛИЙГ ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА нь гаргаад, ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ нь гүйцэтгээд, хэрхэн яаж хэрэгжүүлж байгаад ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ хянадаг тогтолцоотой.
Гэтэл, эхний хоёр эрх мэдэл нь гурав дахь эрх мэдэл рүүгээ халиад түүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод эхлэхээр Хүний эрхийн баталгаа хангагдахгүй, Үндсэн хуульд заасан тухайн улсын язгуур эрх ашиг зөрчигдөж байгаа юм.
Одоо юу болох вэ?
Хэрэв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-ийн гурван гишүүн сайн хүмүүс байх юм бол магадгүй энэ хууль сайн хэрэгжих боломжтой. Гэхдээ Үндсэн хуульт ёсныхоо зохицуулалт, процессыг зөрчинө. Харин муугаар яривал...
Жишээ нь: Манай тохиолдолд, ерөнхийлөгч маань бизнесмэн хүн. Энэ эрх мэдлээ ашиглаад “Майдар” төсөл дээр компанийн захирлуудаас хандив авъя гэж бодъё. Тэгвэл, шуудхан хэлэхэд энэ хүн дээр дугаарлана.
Яг ийм нөхцөл үүсэх учир үүнийг ашиглаад улс төрийн тодорхой нэг бүлэглэл өөртөө ашиг хонжоо хайгаад, мөнгө босгоод, санхүүгийн дарамт үзүүлээд, бусад зүйлд нь нөлөөлөх үндэс бүрдэж байгаа юм.
Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн маш том нүх ухсан. Нүхийг ухаад, шүүгч нарт нөлөөлөх байдлыг бий болгосон. Уг нь шинэ ерөнхийлөгч түүний ухсан нүхийг булах ёстой юм. АТГ-ын даргыг өөрөө томилох хэрэггүй. Шүүгчийг өөрөө томиллоо гэхэд ШЕЗ-ийн гишүүдийг өөрөө томилдоггүй байх ёстой гэх мэтээр...ингэж нүхийг нь булж илааршуулах ёстой байтал тэр нүхийг улам гүнзгий ухаж байна. Одоо дараагийн ерөнхийлөгч шинээр гарч ирэхэд нүхийг бүр гүнзгий ухах эрсдэл бий болж байна.
Одоо бүх томилгоо ерөнхийлөгчийн гарт очно, бүх эрх мэдлийг барих ХААНчлалын эх үүсвэрийг тавьчихлаа. Тийм учраас ҮНДСЭН ХУУЛИЙГ ОРШУУЛЛАА гэж яриад байна.
Үүгээр далимдуулж 1937 оны онц бүрэн эрхт комиссыг байгуулж болохгүй. Гэхдээ байгуулчихлаа. Ж.Батзандан гишүүн “ҮАБЗ онц эрхтэй комисс болж хуулийн байгууллагыг удирдана" гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Энэ чинь нь хэлмэгдүүлэлт гэж хэлээд байгаа зүйл рүү орж байгаа хэрэг юм. Үндсэн хуулиас гадуур шүүх байгуулж болохгүй шүү дээ. Гэтэл энэ хуулиар Үндсэн хуулиас гадуур шүүх байгуулчхаад байгаа юм. Тухайлбал, хүнийг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоож байна. Тогтоосон шийдвэрээрээ шийднэ гэдэг бол Үндсэн хууль хэвээрээ боловч Үндсэн хуулийг оршуулсан зүйл юм.
Эрүүдэн шүүсэн гэх асуудал дээр,
Өөрсдөө илрүүлсэн гээд нэг бичлэг үзүүлээд байгаа юм. Уг нь үүнийг Эрүүдэн шүүх гэдэг зохицуулалтын дагуу тэнд оролцсон улсуудад хариуцлага тооцоод, ажлаас нь чөлөөлөх боломж бий. Гэтэл УИХ-ын гишүүдэд үзүүлээд, айдас төрүүлээд, дараа нь хууль баталж байгаа нь иргэн, захиргаа гээд Эрүүдэн шүүхээс бусад эрүүгийн хэрэг дээр хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа ингэж сөргөөр ашиглах юм бол Монгол улсын хувь заяанд маш эрсдэлтэй байдал бий болно. Нэг хүний засаглалыг бий болгоно. Бүх зүйл рүү ерөнхийлөгч ордог болно гэсэн үг.
- Уржигдар /03,27/ ямар хууль батлагдсан бэ гэдгийг жаахан тодруулаад харъя.
Нэгдүгээрт, Шүүхтэй холбоотой. ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/ рүү явуулна. Тэрийг нь үндэслээд Монголын 500 гаруй шүүгчийн алийг нь ч түдгэлзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ямар нэгэн ҮНДЭСЛЭЛ заагаагүй.
Хоёрдугаарт, Ерөнхий прокурор. Ерөнхий прокурор болоод орлогчин бүрэн эрхийг дуусгавар болгох ЗӨВЛӨМЖ-ийг ҮАБЗ гаргахад ерөнхийлөгч бүрэн эрхийг нь дуусгавар болгоод, огцруулна. Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга, дэд даргыг мөн адил зарчмаар.
Хууль санаачлагчид үүнийгээ зөвхөн ЗӨВЛӨМЖ учир биелүүлсэн ч болно, биелүүлэхгүй байсан ч болно гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч бодит байдал дээр тийм биш. Яагаад гэвэл, ҮАБЗ-өөс ЗӨВЛӨМЖ ирсэн л бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болно.
Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17-р зүйлд зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан зэрэг онцгой нөхцөл үүссэн бол автоматаар/ШЕЗ санал гаргаад/ шүүгчийн бүрэн эрх түдгэлздэг. ҮАБЗ-ийн ЗӨВЛӨМЖ нь тэр үндэслэлүүдийн нэг болж байгаа учраас тэр саналыг ШЕЗ шууд гаргана.
Өөрөөр хэлбэл, ямар ч ажил хийж байгаа ямар ч албан тушаалын шүүгчийг огцруулах боломжтой болж байгаа юм.
ҮАБЗ-ийг ерөнхийлөгч тэргүүлдэг. Ажлын албыг байгуулдаг. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ордог боловч тэд зөвшилцөх үүрэгтэй. Ерөхийлөгч голлох үүрэгтэй. Мөн ШЕЗ-ийн таван гишүүнийг тавууланг нь ерөнхийлөгч томилдог.
Маш аюултай зүйл болж байна. Энэ хуулийг урвуулан ашиглах эрсдэл зуун хувь нээгдэж байна. Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бүрэн үгүйсгэсэн маш ноцтой үр дагавар авчрах гэж байна.
Монгол улсын үндсэн хуулинд Шүүгч хараат бус айна гээд заачихсан. Гэтэл ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА НЬ НУРАН УНАЛАА.
Улсын ерөнхий прокурор болон түүний орлогч зургаан жилийн хугацаатай томилогддог. Зургаан жилийн хугацаанд томилогддог нь хараат бусаар ажиллах нэг төрлийн баталгаа нь юм. Гэтэл ой ойрхон солиод байх юм бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажлаа хараат бусаар хийх ямар ч боломжгүй болно.
Ерөнхий прокурор нь бүх шатны прокуророо томилж, чөлөөлж, сахилгын арга хэмжээ авдаг. Тэгэхээр, 500 гаруй прокурорт нөлөөлөх эрсдэл үүсч байна гэсэн үг.
Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга, дэд дарга ч мөн адил. Бүгдэд нь зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсч байна.
ҮАБЗ Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийг гурвууланг нь нэгтгэсэн маш хүчтэй байгууллага болж хувирч байна
ҮАБЗ сүүлийн үед ЗӨВЛӨМЖ нэртэй даалгавруудыг УИХ-д өгч эхэлсэн. Тодорхой албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, тодорхой хуулийг тодорхой томъёоллоор батлахыг хүртэл даалгаад, түүнийг нь гүйцэтгэсэн.
Засгийн газарт тодорхой төслүүдийг тухайлбал, уул уурхайтай холбоотой, төмөр замтай холбоотой тодорхой бодлогын шинжтэй асуудлыг шийдэх шийдлийг нь зааж өгч байна.
Харин одоо Шүүх эрх мэдэл рүү нөлөөлөх болж байна.
Уг нь ҮАБЗ гэж Засгийн газрын гишүүд хоорондын уялдааг хангаж, Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, зөвлөмж өгдөг байгууллаг юм. Гэтэл Үндсэн хуулинд байхгүй баахан эрхүүдийг өгөөд эцэстээ Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл рүү гурвуулан руу нөлөөлдөг гурвууланг нь нэгтгэсэн маш хүчтэй байгууллага болж хувирч байна.
Хамгийн ноцтой нь ЗӨВЛӨМЖ ямар ч үндэслэлээр гарч болно. Энэ шүүгч надад таалагдахгүй байна гэж үзвэл шүүгчийг түдгэлзүүлж болно. Ерөнхий шүүгчийг огцруулна. ДУР ЗОРГО-оор асуудлыг шийдэх боломжтой болж байна.
ДУР ЗОРГО-оор асуудлыг шийдэх боломжтой болж байна
Зүй бусаар шүүхэд нөлөөлөх эрсдэл ганцхан одоо ч бий болчихоод байгаа юм бас биш. Өмнө нь байсан. Хуульч, судлаач нар хэлж, сануулсаар ирсэн.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд байхгүй маш олон эрхүүдийг ерөнхийлөгчид өгсөн. Тэр нь олон жилийн үйл явц.
2006 онд - АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг эрх мэдлийг өгсөн, Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед.
2013 онд - Шүүхийн багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад Монгол Улсын бүх шүүгчдийг томилдог ШЕЗ-ийн гишүүдийг ерөнхийлөгч томилог болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/ ерөнхийлөгчөөс хараат болсон.
Одооны нөхцөлд ч тодорхой харагдаж байна. Шүүгчийн хараат бус байдал, бие даасан байдлыг хамгаалах ёстой гээд Үндсэн хууль дээр бичсэн атал өнөөдрийн нөхцөлд огт дуугарахгүй байна гэдэг нь ерөнхийлөгчийн хараат, түүний нөлөөнд байгаагийн нэг илэрхийлэл мөн.
АТГ нь хэвлэлээр хүнийг ялладаг болчихсон. Тэр хэргүүд нь шүүх рүү ч очихгүй замхардаг. Харин ерөнхийлөгч түүний дарга удирдлагуудыг томилоход оролцож байна, түүнд хяналт тавих ёстой прокурорыг нь томилж байна, үүн дээр нь нэмээд тэр хэрэг маргааныг нь шийддэг шүүгчийг томилоод зогсохгүй хэнийг шүүгчид нэр дэвшүүлэхийг шийддэг байгууллагын гишүүдийг томилдог болсон. Ийм олон эрх Үндсэн хуулиар ерөнхийлөгчид тусгаж өгөөгүй.