Францын эрүүл мэндийн газраас өдөрт хоёр хундага дарснаас илүүг ууж болохгүй гэдгийг анхаарууллаа. Болж өгвөл өдөр бүр дарс шимэх хэрэггүй, долоо хоногт дээд тал нь 10 хундага дарс уухад хангалттай гэж зөвлөжээ.
Тус улсад насанд хүрэгчдийн ¼ нь согтууруулах ундааг хэт их хэмжээгээр хэрэглэдэг ба үүнээс улбаалж жилд 41,000 иргэн амиа алдаж байна. Франц улсад согтууруулах ундаанаас үүдэлтэй амиа алдагсдын тоо тамхинаас болж амиа алдаж байгаа иргэдийн дараа хоёрдугаарт орж байна.
Улсын 10,5 сая насанд хүрэгч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр хорт хавдар, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин тусах, цус харвах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. Тиймээс эрүүл мэндийн газраас өдөрт хоёр хундага дарснаас илүү согтууруулах ундаа хэрэглэж болохгүй хэмээн уриалж аян өрнүүлсэн байна.
Франц улс түүхэндээ дарсны хэрэглээтэй холбоотой хэд хэдэн удаа чухал шийдвэр гаргаж байжээ.
1950 онд хоол идэх бүртээ литрээс илүүгүй согтууруулах ундаа хэрэглэхийг уриалсан эрүүл мэндийн аян өрнөсөн бол 1956 он хүртэл 14-өөс доош насны хүүхдүүдэд хагас литр дарс, шар айргаар үйлчлэхийг зөвшөөрдөг байжээ. 1981 оноос хойш сургуулийн насны бүх хүүхдүүдэд согтууруулах ундаа худалдаж, үйлчлэхийг бүрэн хоригложээ.
Дарс үйлдвэрлэгчид, хөдөө аж ахуйн салбарынхан дарсыг согтууруулах ундаанд тооцдоггүй байна. Гэвч эрүүл мэндийн ажилтнууд дарсанд агууллагддаг молекул бусад согтууруулах ундааныхтай адилхан байдаг гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэснээр Франц улс Европ тивд согтууруулах ундааны хэрэглээгээрээ дээгүүрт ордог. Тус улсад хүн бүрт жилд 12,6 литр 15-аас дээш градустай согтууруулах ундаа ноогддог байна.
Эх сурвалж: www.theguardian.com