Манай улсад хэрхэн эрүүдэн шүүн хэрэг хүлээлгэдэг талаарх бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд харуулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.
Тус комиссоос УИХ-д нийтдээ 17 илтгэл бичсэнээс 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан, бид удаа дараа холбогдох газарт бичиг хүргүүлсэн гэх хариу өгсөн юм. Үүнээс харахад “Бүх юм болоод өнгөрсний дараа бичиг явуулдаг газрыг Хүний эрхийн үндэсний комисс гэнэ” гэсэн зорилготой ажилладаг байгууллага болжээ хэмээн дүгнэхээр байна.
2016 оны зургаадугаар сард С.Зоригийн хэрэгт холбогдсон Т.Содномдаржаа өөрийг нь хэрхэн эрүүдэн шүүж байгаа талаарх гомдлоо өөрийн гараар бичсэн тайлбарыг ХЭҮК-т өгч байжээ. Энэ үеэс ХЭҮК дээрх хэрэгт холбогдогч нарыг эрүүдэн шүүж байгааг мэдсэн.
Гэвч ХЭҮК тухайн үед юу ч хийж чадаагүй нөгөө л хэрэгт холбоотой газруудад бичиг явуулсан гэх баримтаа өнөөдөр сэтгүүлчдэд харуулав. Яагаад тухайн үед хэрэгт холбогдогч нарыг эрүүдэн шүүж байгааг мэдсээр байж олон нийтэд цацаагүй юм бэ гэх хариултад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Уг хэрэг нь маш нууцын зэрэгтэй байсан тул мөрдөн шалгах үйл явцын үеэр эрүүдэн шүүх болж байна гэдгийг мэдээлэх хууль зүйн эрх мэдэл байгаагүй” хэмээв.
Түүнчлэн 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг татан буулгасан үеэс эрүүдэн шүүх албадлага хэрээс хэтэрсэн хэмээн ХЭҮК бусдад буруугаа чихэн, өөрсдөөсөө холуур өнгөрөөсөн мэдэгдэл хийв. Тэгэхээр ХЭҮК Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь өнөөдрийн эрүүдэн шүүлтийн гол буруутан хэмээн хэлчихлээ.
Үүнээс ч өмнө ХЭҮК-т иргэд эрүүдэн шүүж байцаалт авсан талаараа өргөдөл, гомдол илгээж байсан. Гэхдээ бүх зүйл дууссаны дараа бичлэгийг үзэх эрхтэй учир энэ хүнийг эрүүдэн шүүсэн байна гэх нөгөө бичгээ явуулдаг.
ХЭҮК Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь өнөөдрийн эрүүдэн шүүлтийн гол буруутан хэмээн хэлчихлээ
“Долдугаар сарын 1”-ний хэргийн шүүгдэгчдийн нэг, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл 14 хоног хоригдсон юм. Тэрбээр хоригдож байх хугацаандаа Хүний эрхийн үндэсний комисст хандсан байдаг ч ямар нэгэн хариу ирүүлээгүй хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.
Үүнээс харахад ХЭҮК-ийн гишүүд цаас явуулах, хүлээн авахаас өөр ажил мэдэхгүй бол ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй. Үнэндээ бол төрөөс санхүүждэг ХЭҮК хүний эрхийн төлөө юу хийв гэсэн асуулт ч эндээс урган гарна. Төрөөс санхүүждэг учраас төрдөө баригдаад ажлаа хийж чадахгүй ХЭҮК маргааш УИХ-д дахин нэг илтгэлээ танилцуулна гэсэн юм. Та бүгдийг илтгэлээ танилцуулж байх хооронд хүнээ эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна.