Оросын армийн хоёр онгоц өнгөрсөн амралтын өдрүүдэд Венесуэлийн нийслэл Каракасын нисэх буудалд газардсан. Нисэх онгоцуудаас Оросын тусгай хүчний 100 цэрэг, их хэмжээний цэргийн тоног төхөөрөмж буусан гэж эх сурвалжууд дамжуулсан юм.
Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог дэмжиж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Засгийн газарт хандан цэрэг армийн хүчээ эргүүлэн татахыг шаарджээ. Америк тэргүүтэй өрнөдийн орнууд сөрөг хүчний удирдагчийг дэмжиж түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн бол Орос, Хятад улсууд Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм.
Трамп Цагаан ордонд Хуан Гуаидогийн гэр бүлийн хүн Фабиана Росалесыг хүлээн авч уулзах үеэрээ Оросыг Венесуэлээс гарах ёстой гэж ярьжээ. Хэрхэн Оросыг Венесуэлээс явуулах талаар нь асуухад “бүх аргыг хэрэглэх боломжтой, юу болохыг харцгаая” гэж хариулсан байна.
Трампын шаардлагын хариуд Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова “АНУ Москваг Венесуэлээс хөөхөөсөө өмнө өөрсдөө Сириэс цэргээ бүрэн татах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Николас Мадуро сөрөг хүчний удирдагчийг Америкийн бууны нохой гэж буруутгаад байгаа юм.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярихдаа Мадурог Ерөнхийлөгчийн суудлаас хөөх хэтэрхий өртөг ихтэй, удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдал болно гэжээ. Мадурогийн сүйрүүлсэн эдийн засгийг сэргээхэд 10 гаруй тэрбум ам.доллар шаардагдана гэж Майк Помпео ярьсан байна.
Эх сурвалж: www.reuters.com