Т.Мөнх
Өнөөдөр дэлхийн 198 орноос 122 нь залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөртэй байна. Залуучуудад чиглэсэн бодлого, эрх зүйн орчин манай орны хувьд дутагдалтай. Монгол улсын хувьд Залуучуудын хөгжлийн индексээрээ 170 орноос 49-д орж байгаа нь залуучуудийн нийгэм улс төрийн оролцооны түвшин дунджаас доогуур байгааг илтгэж байгаа юм. Энэ нь мэдээж, залуусын ажилгүйдэл, орлогогүй байдалтай ч холбоотой.
АНУ
АНУ-ын залуучуудын хөгжлийн индекс нь 0.8 буюу 170 орноос долдугаарт бичигддэг аж. Тус улсын төр, засгийн зүгээс залуучуудын бодлогод баримталдаг үндсэн зарчим нь
1. Залуучуудын бүтээмж, үр дүнг сайжруулах нарийн зохион байгуулалттай стратегийг дэмжих
2. Нотолгоонд тулгуурласан, шинэлэг стратегийг дэмжих
3. Залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг бүх шатанд дэмжих гэсэн баримтлалтай аж. Мөн АНУ төрийн бодлогодоо залуучуудын асуудлыг нухацтай тусгаж, дотоод болон гадаадын гэсэн залуучуудын төрийн байгууллагуудыг хүртэл бий болгожээ.
ЯПОН УЛС
Азидаа хөгжлөөрөө дээгүүрт бичигддэг Япон, улсын хувьд Залуучуудын асуудалд гэр бүл төвтэй ханддаг аж. Залуучуудын амьдрах орчинд нөлөөлж байгаа асуудлыг шийдэх, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажилладаг юм байна. Түүнчлэн залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг шийдвэр гаргах түвшинд дэмжихийн зэрэгцээ тэднийг хөндлөнгийн ажиглагч, үр дүн хүртэгчид бус оролцогч, хамтрагч байдлаар хүлээж авдаг болсон нь залуучуудын нийгмийн идэвхи сайжрах, хувь хүний үнэлэмж нэмэгдэх боломжийг нээжээ.
ӨМНӨД СОЛОНГОС УЛС
Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын Засгийн газар залуучуудынхаа асуудалд онцгойлон анхаарал хандуулдаг байна. Ингэхдээ залуучуудын асуудал эрхэлсэн бие даасан судалгааны хүрээлэн ажиллуулдаг аж. Мөн залуучуудтай холбоотой аливаа хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх тал дээр түлхүү анхаардаг бөгөөд цаг үеийн онцлогоос хамааран тухай бүрд нь хурдан хугацаанд шинэчлэн найруулах, засах арга хэмжээг авдаг гэнэ. Энэхүү урьдчилан сэргийлэх бодлогын үр дүнд насанд хүрээгүй хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох, хүчирхийлэлд автах байдал тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийт залуучуудын дийлэнх хувь буюу 85 хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч байгаа бол тэдний 60 гаруй хувь нь Азийн орнуудад амьдарч байгаа юм байна. Төрөөс залуучуудыг дэмжих бодитой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дэлхийн олон орны залуус дуу нэгтэйгээр шаардаж байна.
МЕКСИК
Тус улсад залуучуудын талаар баримтлах бодлого иж бүрэн, үр дүнтэйгээр яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай асуудал тулгараад байгаа аж. Канад улсад залуучуудын бодлого нь бүс нутгийн болоод үндэсний хэмжээнд бүх залуучуудыг хамарсан, бүх залуучууд руу чиглэсэн байх ёстой гэж үздэг байна. Яг одоо тус улсад Канадын үндэсний залуучуудын бодлого шаардлагатай байгаа аж.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС
Арабын нэгдсэн Эмират улсад хүүхэд, залуучуудад чиглэсэн тэдний өмнө тулгарч байгаа бүх асуудлыг шийдвэрлэх цогц бодлого хэрэгтэй байгаа юм байна.
ВЬЕТНАМ
Нийгэмд цөөнх бүлгийн буюу эрх нь зөрчигдөж буй залуучууд бий. Тухайлбал, ижил хүйстэн эрэгтэй, трансжендер эмэгтэй, ХДХВ-тэй залуучууд зэрэг нь бусад залуусын адил тэгш эрхээ эдлэх ёстой. Вьетнам улсын хувьд тэдгээр залуус руу чиглэсэн бодлого хэрэгтэй байгаа аж.
АЗЕРБАЙЖАН
Тус улсын залуучууд Азербайжан улсад залуучуудын цогц бодлого илүү бодитой, үр дүн нь залуучуудад шууд хүрдэг байх хэрэгтэй гэж үзэж байна.
НИДЕРЛАНД
Нидерланд улсад залуучуудын бодлогыг илүү боловсронгуй болгоход залуус өөрсдөө оролцоотой байх шаардлага үүссэн байна. Тиймээс сайн бодлогыг бий болгохын төлөө залуучууд засгийн газартайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байгаа аж.