УИХ-ын гишүүдэд Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлсэн. Үүнтэй холбогдуулж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, тус комиссийн гишүүн П.Оюунчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-ХЭҮК-оос Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан үеэс эрүүдэн шүүх газар авсан гэж мэдэгдлээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцад 2015 оноос хэрэгт холбогдогч нар манай байгууллагад хандаж байсан ч маш нууцын зэрэгтэй хэмээн асуудлыг гаргаж чадаагүй.
Эрүүдэн шүүх гэдэг нь гэмт хэрэг юм. Хэрэг бүртгэх үйл ажиллагаанд эрүүдэн шүүх ажиллагаа явагдаж байгааг өчигдөр харууллаа.
ХЭҮК-ын санаачилгаар 2011 онд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн камертай болгосноор эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан эсэхийг дараа нь шүүн харах боломжтой болсон.
Эрүүдэн шүүх сандалын хувьд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сайдын үед 21 аймаг, нийслэлийн цагдаагийн газарт тараагдсан байсныг ХЭҮК татан авах шаардлага хүргүүлснээр татан авсан. Монгол Улсын ХЭҮК С.Зориг агсны хэргийг мөрдөн байцаах явцад хэрэгт холбогдогч нар манай комисст хэрхэн эрүүдэн шүүч байгаа талаараа бичгээр 2016 оны зургаадугаар сард гомдол ирүүлсэн байдаг. Үүнийг ҮАБЗ явуулсан байдаг.
Манай байгууллагаас дээрх хэрэгтэй холбогдуулан тухайн үед камерийг шалгах боломжгүй байсан юм уу гэж хардаж магадгүй. Уг хэрэг маш нууцын зэрэгтэй байсан тул хуулийн дагуу хэрхэн байцаасан талаарх бичлэгийг үзэх боломжгүй байсан.