Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай С.Зориг агсны хэрэгт холбогдоод буй А.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн найман шүүгчийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг 1998 онд эрүүгийн хэрэг үүсгэгдээд олон жил шалгагдсан. Хэргийг шүүхэд шилжүүлээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд оны гуравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө гаргасан мэт ярьж нууцаас гаргасан асуудлыг Засгийн газар руу дахин ил болгохоор хандсан.
Шалгагдаж дууссан хэрэг дээр яллагдагчдаас мөрдөн шалгах ажиллагааны үед хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн гомдол санал ирүүлээд байсан учраас манай хяналтын прокурор Д.Ширэндэв хорих ангид очиж Ц.Амгаланбаатартай уулзсан юм.
Удалгүй хяналтын прокурор хэргийг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн харъяаллыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Учир нь Цагдаагийн байгууллага болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг өмнө нь тус хэргийг шалгаж байсан учраас дахиад шалгуулъя гэхээр ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй гэж үзсэн.
Хэргийг шалгуулж байх явцад байгууллагуудаас прокурорын зөвшөөрлөөр хэрэгт авагдсан гүйцэтгэх ажиллагааны баримт мэдээллийг гаргуулъя гэсэн утгатай тогтоолыг прокурор үйлдээд ТЕГ-т өгсөн. Үүний дараа хэдэн бичлэгүүд ирсэн. Тэдгээр бичлэгүүдийг нийтэд ил задалж болохгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Тиймээс хэрэг дээр үлдсэн гүйцэтгэх ажиллагааны материалыг хуулийнх нь дагуу ил болгох, аль эсхүл ТЕГ-ын даргын санал болгосноор Засгийн газрын шийдвэр гарч байж ил болгох хэрэгтэй. Өмнө нь шийдвэрлэгдсэн хэрэг дээр нууцлагдсан байсан бичлэгүүд шүү гэдгийг хэлмээр байна. Хууль зөрчигдөх вий гэхээс сэргийлж байна. Харин Ц.Нямдорж сайд, хууль хяналтын байгууллага С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах хүсэлгүй мэт энэ хэргийг шалгах хүсэлгүй мэт энэ хэргийг өөрөө илрүүлсэн юм шиг нийгэмд харагдуулж байна” гэв.