ОХУ-ын Засгийн газрын сайд асан 62 сая ам.долларын хэрэгт сэжиглэгдэж байсан Михаил Абызовыг өнгөрсөн мягмар гарагийн орой баривчилсан тухай тус улсын Мөрдөн байцаах хороо мэдээлжээ. Абызов одоогийн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа буюу 2012 онд Засгийн газрын сайдаар томилогдож өнгөрсөн он хүртэл нийт зургаан жил ажилласан. Харин өнгөрсөн оноос тэрбээр гадаадад дөрвөн тэрбум рубль буюу 62 орчим сая ам.доллар нуусан, гэмт хэргийн гаралтай бизнес эрхэлдэг гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн юм. Мөрдөн байцаах хорооноос Михаил Абызовыг 2011 оны дөрөвдүгээр сараас 2014 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг тэргүүлж байсан, Новосибирск муж дахь эрчим хүчний хоёр томоохон компанийн хувьцаа эзэмшигчдийг сүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгасан байна. Урьдчилсан байдлаар түүнд 20 жилийн хорих ял төлөвлөөд байгаа ажээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар сайд асан өнгөрсөн хугацаанд Итали, Америк зэрэг оронд амьдарч байсан бөгөөд түүнийг баривчлахад ОХУ-ын Мөрдөн байцаах хороо болон Холбооны аюулгүй байдлын алба хамтран ажилласан байна. Абызов 1990-ээд оны дундаас эхлэн Оросын эрчим хүчний томоохон компаниудад хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байжээ. 2017 онд Оросын авлигатай тэмцэгч Алексей Навальный түүнийг Италид 11.7 сая ам.долларын үнэтэй харш эзэмшдэг болохыг илрүүлснээ мэдээлж байсан билээ.
эх сурвалж: https://www.rt.com/russia/454829-abyzov-russian-minister-detained-embezzlement