Өнгөрсөн 2018 онд Заамар сум баялагийн сан буюу “Заамарын хөгжлийг дэмжих сан”-г байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжүүдээс тодорхой төсөв санд төвлөрүүлж, түүгээрээ сумын хөгжил, нийгмийн асуудлаа шийдүүлэх боломжтой болжээ.
Манай улсад Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайг түшиглэсэн “Говийн Оюу” санг эс тооцвол баялагийн сан байхгүй бөгөөд баялагийн сан байгуулах тухай УИХ, Засгийн газар дээр хэдэн арван жил яригдаж буй юм.
Тэгвэл Заамарчууд ийн бодит ажил болгожээ. Заамар суманд өнгөрсөн онд 30 орчим уул уурхайн компани Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, Заамар сумын байгалийн баялагийг ашиглан, байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүүлж, тэнд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хөндсөнийхөө төлөө тэдний хөндөгдсөн эрхийг нь сэргээх, ая тухтай амьдрах боломжоор дэмжиж туслах амлалт авчээ. Гэвч аж ахуйн нэгжүүд Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг ч сургууль цэцэрлэгийн дээвэр засах, хэсэг бүлэг малчин өрхөд өвс тэжээл өгөх, баяр наадамд хандив өргөх мэтээр аргацаагаад өнгөрдөг юм. Энэ нь сум, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаггүй учир Заамарчууд “Баялагийн сан” байгуулахаар санал нэгджээ. Энэ талаар тус сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, Засаг дарга Б.Самбуу нарын яриаг хүргэе.
Заамар сум нийгийн хариуцлагын гэрээ гэгчийг 2009 оноос хойш хийж ирсэн. 2018 оноос “Заамар сумын хөгжүүлэх сан” нэртэй төрийн бус байгууллага багуулаад аж ахуйн нэгжүүдийн лицзензээс шалтгаалаад том аж ахуйн нэгж бол 100 сая, арай бага бол 50 сая төгрөг төвөлрүүлэхийг тусгаж өгсөн. Ингээд нэг жилийн турш хэрэгжүүлсэн гэрээний тайлангаа тавихад үр дүнтэй гэдэг нь харагдаж байна.
Тиймээс энэ 2019 онд дахин энэ зарчмаараа гэрээгээ хийгээд зарцуулалтыг нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ ил тод тайлагнаад явна. Харин энэ санд төвлөрсөн мөнгөнөөсөө суманд нэн шаардлагатай байгаа ажлуудыг эхэлж санхүүжүүлдэг байх зарчим барина.
Өнгөрсөн онд хэдэн аж ахуйн нэгжтэй гэрээ хийж, санд хэдэн төгрөг төвлөрүүлсэн. Мөн ямар ажлуудыг хийв?
Өнгөрсөн онд 20-оод ААН гэрээ хийсэн. Гэрээний биелэлтээр 500-аад сая төгрөг санд орсон. 70 орчим сая төгрөгийг дүрмийн дагуу зарцуулж, үлдэгдэл 300-аад сая нь дансандаа байна.
Хийх ажлуудаа эрэмбэлсэн байх л даа. Санд төвлөрсөн мөнгөөрөө нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
Нэн тэргүүнд бид иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулъя. Хэзээ хүртэл гал түлж, ус зөөж, нүхэн жорлонд бие засч амьдрах вэ. Тиймээс тохь, тухтай, дэд бүтэц нь шийдэгдсэн орчинд амьдруулах зорилт тавьж “Гэр хорооллын шинэ суурьшлын бус” байгуулахаар ажиллаж байна. Үүний дараагаар иргэдээ ашиг орлоготой, ажлын байртай болгох жижиг үйлдвэр, үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг сангаараа дамжуулж хийнэ гэж төлөвлөж байна.
Манай суманд нийт 287 хашаа байна. Өрхөөр нь тооцвол 400 гаруй өрх. Тиймээс 450 өрхөөр төлөвлөөд шинээр зураг төсөл гаргаад айлуудаа суурьшуулахад 5-7 тэрбум төгрөг шаардлагатй гэсэн тооцоо гарсан. Энэ ажлынха адагуу иргэдтэйгээ гурван удаа уулзаад саналыг нь аваад дэмжүүлчихсэн. Иргэд зөвшөөрсөн учир төлөвлөлтийг гаргасан. Ингээд компани нь зургийнхаа шат руу орчихсон явж байна.
Шинэ суурьшлын бүс барих гээд зураг төсөл гаргажээ. Харин 5-7 тэрбумын санхжүүжилтийг хэрхэн босгох вэ?
Заамар сум өөрөө их онцлогтой. 20-30 жил Монгол улсын алт олборлолтод үүргээ гүйцэтгэсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл хүнд үед Заамараас л алт олборлож босгож ирсэн. Тиймээс бид юун түрүүнд улсаас дэмжлэг хүснэ. Нэг сумаа ч гэсэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүлнэ гэж найдаж байна. Үүний тулд бид АМНАТ –ыг орон нутагт нь үлдээх болсны дагуу энэ мөнгөө Заамар сумын шинэчлэлд зарцуулахыг төв аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд, ерөнхийлөгч зэрэг эрх мэдэл бүхий хүмүүсээс хүсч, өргөдлөө явуулсан. Мөн гадны байгууллагаас дэмжлэг туслалцаа авах боломж юу байна хайж, судалж байна.
Б.Самбуу: Санд төвлөрсөн мөнгөөр хийх ажил нь тодорхой болонгуут ААН-үүд ч нааштай хүлээж авч байна
Олон жил нэг хэвийн явж ирсэн зүйлийг өөрчлөх амар байгаагүй. Санд мөнгө төвлөрүүлнэ гэхэд зарим аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрөхгүй, завсар, үйлчилгээний чиглэлээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээд явъя гэх байдлаар хандаж байсан.
Суманд асуудал их бий шүү дээ. Улсын төсвөөс хуваарилсан мөнгө нь хүрэхгүй, өөрсдөө мөнгөний эх үүсвэргүй, гээд. Тухайлбал, манай сумын сургуулийн өргөтгөлийн ажил сүүлийн 10 жил яригдаж байна. 2011 онд зураг төсвийг нь хийчихсэн. Анх 320 хүүхдийн багтаамжтай баригдсан сургуульд өнөөдөр 700 гаруй хүүхэд сурч байна. Ямар ч дугуйлан секц хичээллэх боломжгүй.
Мөн Хайлааст баг дээрх цэцэрлэгийн асуудал. 20 жилийн өмнө цэцэрлэг ажиллуулахдаа зориулалтын бус барилгад оруулчихсан. Тэр хэвээрээ л байна. Энэ мэтчилэн маш олон асуудал бий. 30 жил баялагийг нь авч ашигласан ч Заамар сум яг бахь байдгаараа л байгаад байна. Тиймээс хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хотод амьдарч байгаа иргэдээс юугаараа дутах ёстой юм, анхан шатны хэрэглээгээ шийдүүлэх ёсиой. Гэртээ усанд ордог, цэвэр бохир усаа шийдүүлсэн, дэд бүтэцтэй байх ёстой гэдэг үүднээсээ гэр хорооллын шинэ төлөвлөлтийг хийж санд төвлөрүүлсэн мөнгөнөөсөө энэ асуудлуудаа шийдэх гээд явж байна.
Ингээд санд төвлөрсөн мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болоод, шат дараалалтай арга хэмжээ аваад эхлэхээр аж ахуйн нэгжүүд ч нааштай хүлээж авч байна. Өөрсдийнх нь өгөх мөнгө юунд зарцуулагдах нь тодорхой болохоор эргэлзээ нь ч арилж байна.