УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд дээр ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийн байр сууриа илэрхийлсэн юм
Тэрээр "Намайг Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг. Намайг таньдаг байж байгаад танихаа болчихсон хөгийн хамелеон шиг улсуудад зориулж үг хэлэх болгондооо нэрээ хэлж байя гэж бодож байна.
Өнөөдөр бид засаглалын хямрал руу явчихлаа. Эрүүдэн шүүх гэдэг буруу л даа. Гэхдээ шүүх, хууль хяналтын засаглал нь хараат болох асуудал нь мөн үүнтэй чинь адилхан буруу зүйл. Нэгийг нь буруу, нөгөөг нь зөв гэж яриад байгаа УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс би харамсч байна. Бид хувийн өмч рүүгээ халддаг, дээрэмддэг, хурааж авна гэж мэдэгддэг төртэй болсон. Дээр нь хууль, хяналтын байгууллагууд нь эрүүдэн шүүдэг, шүүх байгууллага нь дарга нарынхаа захирамжаар шийдвэр гаргадаг улсад хэн хөрөнгө оруулалт хийх вэ, эрхэм дарга нар аа.
Хувь хүний хоорондын хэрүүл тэмцэл, бүлэглэл хоорондын бизнесээ хэн өмчлөхөө булаацалдсан хэрүүлээс л засаг төрийн хямрал руу ороод байна шүү дээ.
Бид ирээдүйгээ бодох хэрэгтэй. 2020 онд УИХ-ын гишүүн болохыгоо биш 2021, 2022 онд яаж хөгжих вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Түүнээс биш хэн нэгэн хүнд эрх мэдлийг нь төвлөрүүлээд, тэр хүнийхээ дохио зангаагаар хөдөлдөг төр засагтай байж улс орноо хөгжүүлнэ, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна, хөрөнгө оруулагч нарыг татаж авчирна гэж яривал хэн ч итгэхгүй шүү.
Энэ болгон дээрээ бодолцож шийдвэрээ гаргаач гэж хэлмээр байна. Ийм хямрал руу явуулахгүйгээр арай өөр гарцыг олж болохгүй байгаа юм уу. Гарц ол л доо. Мэргэжлийн байнгын хороо нь шийдвэр гаргаад ирсэн юмыг юугаа ч мэдэхгүй хүмүүс нь эсрэг шийд гаргаад яваад байдаг.
Хамрын доор ангархайтай гэсэн шиг мэдэх, мэдэхгүй юм битгий дэмий чалчиж бай гэж зарим хүмүүст хэлээд би дургүйг нь хүргээд танигдахгүй болчихсон юм л даа. Яах гэж УИХ дээр мэргэжлийн байнгын хороо байгуулдаг юм. Алдаатай шийдвэр гаргахгүйн тулд байгуулдаг биз дээ. Тэгвэл тэр байнгын хороо нь энэ хууль чинь Үндсэн хууль зөрчих гээд байна, шүүх засаглалыг хараат болгох гээд байна, Үндсэн хуулийн бус байгууллага асуудалд оролцдог болох гээд байна гээд хэлээд байхад "зүгээр ээ" гээд зүгээд байгаа нь үнэхээр гайхалтай" гэлээ.