АНУ-ын Нью-Йорк мужид улаан бурхан өвчин дэгдэж урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй хүүхдүүдийг сургууль, дэлгүүр, зоогийн газар, шашны сүм зэрэг олон нийтийн газар явахыг хориглолоо. Нью-Йорк болон Рокланд хотуудад онц байдал зарласан ба хориг сар хүртэл хугацаанд үргэлжилнэ гэжээ.
Калифорн, Иллинойс, Техас, Вашингтон мужуудад ч мөн улаан бурхны тархалт ихэссэн гэдгийг Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв мэдэгдсэн байна. Рокланд хотод одоогоор улаан бурхны халдвар авсан 153 тохиолдол бүртгэгджээ. Хэрэв тогтоосон хөл хориог зөрчиж, улаан бурхны вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд олон нийтийн газраар үйлчлүүлбэл 500 ам.доллараар торгож, зургаан сар хүртэл хорьж саатуулна гэж эрх баригчид мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд Америкт эцэг эхчүүд эрүүл мэндийн болон шашны үзлээс хамааран урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нь багассан ч хориг тавьснаар үүсч болзошгүй эрсдлээс хамгаална гэж үзжээ.
Америк ч гэлтгүй өндөр хөгжилтэй бусад орнуудад урьдчилан сэргийлэх тарилгын хэрэглээ буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх тарилгыг эсэргүүцэх хөдөлгөөн нь олон улсын эрүүл мэндэд заналхийлж буй гол хүчин зүйлсийн нэг болсон гэдгийг анхааруулсан юм.
Эх сурвалж: www.reuters.com, www.bbc.com