"Эв санааны нэгдэл" ҮЭ-ээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд асар их хохирол учруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай "Ти ти жи ви ко си өү" ХХК-ийн үйл ажиллагааг 2015 оноос хойш эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд гурван удаа нэхэмжлэл гаргасан боловч хэрэг үүсгэхээс татгалзсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 онд “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г Сингапурын хөрөнгө оруулалттай “Macmahon Mongolia” гэрээ байгуулсан ч гэрээнийхээ эрхийг тендер зарлалгүй шууд Сингапур улсад бүртгэлтэй хятад эзэнтэй “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК шилжүүлсэн байна.
Уг гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК удаа дараа сунгасан бөгөөд ийнхүү сунгасан шалтгаан, үндэслэлээ тайлбарлаагүй байдаг. Түүнчлэн гэрээнд 1 м3 уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10.516.8 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын дүнгээс 62.4 хувиар өндөр тогтоон “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөг хэмнэх боломжийг алдаж байна.
Иймд “Эв санааны нэгдэл” ҮЭ-ээс дээрх хууль бус үйлдлийг удаа дараа илчлэн, шүүх цагдаагийн байгууллагад хандаж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоо хүртэл арга хэмжээ авч ажиллахгүй байна.
“Эв санааны нэгдэл” ҮЭ-ээс гурван удаа Захиргааны хэргийн шүүхэд хандахад холбогдогч этгээд биш учир хэрэг үүсгэхгүй хэмээн удаа дараа хойшлуулсан гэнэ. Иймд “Эв санааны нэгдэл” ҮЭ-ээс дахин шүүхэд хандахаар болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт уг хятад эзэнтэй компанийн үйл ажиллагааг зогсоож, гэрээгээ цуцлах шаардлага хүргүүлэхээр болж буйгаа мэдэгдэв.