Дэлхийн шилдэг их сургуулиудын наймдугаарт жагссан Иелийн их сургуульд авлига өгсөн оюутны зөвшөөрлийг цуцалж, суралцуулахаас татгалзсан тухай мэдээлжээ. Оюутны ар гэр сургуулийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчид 1,2 сая ам.долларын хахууль өгсөн нь илэрсэн байна.
Иелийн их сургуулийн охидын хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч байсан Руди Мередит нь оюутны чадварыг хуурамчаар дүгнэж сургуульд элсэх зөвшөөрөл авч өгдөг байжээ. Сүүлийн үед Холливудын алдартай одууд, бизнес эрхлэгчид хүүхдүүдээ томоохон их сургуулиудад элсүүлэхдээ их хэмжээний авлига өгсөн хэрэг илэрч багагүй анхаарал татсан. Уг хэрэгт холбогдон шалгуулж байгаа 50 хүний нэг нь дасгалжуулагч Мередит бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард Иелийн их сургуулийн захиргаа ажлаас нь чөлөөлсөн.
Тус их сургуулийн захиргаа элсэлтийг нь цуцалсан оюутны нэрийг олон нийтэд зарлаагүй байна. 1,2 сая ам.долларын хахуулийг хөөгдсөн оюутны гэр бүл Рик Сингертэй холбогдож 2017 онд дасгалжуулагчид өгсөн гэж үзжээ. Рик Сингер нь алдартнуудын хүүхдүүдийг их хэмжээний мөнгөөр Өмнөд Калифорн, Стэнфорд, Жоржтаун зэрэг томоохон сургуулиудад оруулах хэргийг голлон зохион байгуулж зуучилдаг байсан нь илэрсэн юм. Хэрэгт холбогдох шүүх хурал энэ долоо хоногт эхэлнэ.
Эх сурвалж: www.bbc.com