Б.Цэнд-Аюуш
Ерөнхийлөгч Х.Баттулгын дургүй хүмүүсийг УИХ хууль баталж, огцруулдаг жишиг тогтох нь.
“Ам ташсан хэрээ 13” эргэнэ гэдэг дээ. Яг үүнтэй адил жишиг Монголын улс төрд бий боллоо. Нэг сар гаруйн өмнөхөн Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-ын даргыг огцруулахад зориулан тусгай хууль баталж, тэр даруй албан тушаалыг нь авч байлаа. Тэгтэл яг ийм жишгээр одоо шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудыг огцруулах нь.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уржигдар хуралдаж, хуулийнхныг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцруулах хуулийн төсөл боловсруулахаар тогтжээ
Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, өчигдөр УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төсөлтэй хамт Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
Хуулийн төслийг боловсруулсан үндэслэлдээ эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг талаар дурджээ. Улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхгүй болгохын зэрэгцээ улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрсэн гэдгийг Ерөнхийлөгч онцолсон юм.
Тиймээс УИХ-ын дарга захирамж гаргаж, Ерөнхийлөгчөөс яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан, өчигдөр хаах байсан чуулганы хугацааг сунгав. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж, уг хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт нь бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Өмнө нь УИХ-ын даргыг огцруулахад зориулсан хуулийн төслийг хэлэлцэх үед парлемантын тогтворгүй байдал бий болох эрсдэлтэй учир дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн олон гишүүн бий. Тэд УИХ-ын даргаа огцруулсны дараа хуулиа буцаагаад өөрчлөөрэй гэдгийг ч хатуу хэлж байсан.
Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ хуулийг баталбал, УИХ-ын даргыг олон удаа огцруулж, төрийн тогтворгүй байдал бий болох эрсдэлтэй. Энэ хуулийг батлаад Үндсэн хуулийн Цэц дээр очиж, дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг өргөн барьсан Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ, дэмжсэн Засгийн газар хууль зөрчсөн хэрэгт орох уу. Хуулийг баталж, гишүүд санал гаргаж, УИХ-ын даргаа огцруулах байх. Дараа нь буруу хууль баталж, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ” гэж байлаа.
Гэтэл энэ үйл явдлаас хойш хоёр сар ч хүрэхгүй хугацаанд бас л хувь хүмүүст зориулсан, Үндсэн хуулиар олгогдсон шүүх эрх мэдлийг тогтворгүй болгох хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Үндсэндээ Ерөнхийлөгчийн дургүй хүмүүсийг УИХ хууль баталж, огцруулдаг жишиг тогтох нь. Ерөнхийлөгчийн хэлснээр хууль шүүхийнхэн хэн нэгний гар хөл болсон нь үнэн байвч тэднийг огцруулсны дараа оронд нь өөрийнхөө хүнийг томилох нь ойлгомжтой.
Ийм л буруу жишгээр төрийн томилгоонууд хийдэг. Гэхдээ үүнийг арилгах нэрээр өнгөн далдлалт хийж, өөрсдийнхөө хүмүүсээр хуулийн байгууллагынхныг атгах гэж оролдох нь өмнөхөөсөө ч дордсон үйлдэл. Өмнөх үеэ хонгилын эзэд гэж нэрлэж, шүүмжилж байгаа ч өөрсдөө энэ үйлдлээрээ хонгилын эзэд болох гэж эрмэлзэж буй хэрэг биш үү.
Нөгөөтэйгүүр хуулийн байгууллагын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа нь ихэвчлэн зургаан жил байдаг. Энэ нь үндсэндээ дөрвөн жил тутамд эрх баригчид солигддог тогтолцоотой манай улсад хуулийнхнаа эрх баригчдаас хамгаалсан зохицуулалт.
Гэтэл төрийн эрхийг барьдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн нь хуулийн байгууллагуудын удирдлагыг ажлаас нь хэзээ ч чөлөөлөх эрхтэй болчихвол хууль, шүүхийнхэн хэрхэн ажлаа гүйцэтгэх билээ. Харин ч ажлаасаа чөлөөлөгдөхгүйн тулд тэдний хараат болох эрсдэл бүр ч илүү нэмэгдэх бус уу. Тэгээд ч Үндсэн хуульд хууль, шүүхийн байгууллагынхан гагцхүү хуульд захирагдаж, хэн нэгнээс хараат бус байхыг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэдгийг заачихсан шүү дээ.