УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд дөнгөж сая Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн дүгнэлтийг дэмжлээ.
Хуулийн заалтын тайлбар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж эсвэл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүнрдүүлж болно” гэж заасан байдаг. Харин уг заалтын “хүндрүүлж” гэсэн нь Монгол Улсын иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж заасныг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнөөдөр Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Харин дөнгөж сая цэцийн дүгнэлт болоод цэцийн дүгнэлтийг дэмжсэн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжлээ. Үүний адил уг хуулийн зургаан заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжлээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор дэмжсэн асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр АМНАТ-ыг 5 хувиар үлдээж, алтанд ногдох өсөн нэмэгдэх татварыг авахгүй байх зохицуулалттай болж байна.
Яг одоо Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар Монгол Улсын ерөнхийлөгч танилцуулж, хуулийн өөрчлөлтийн асуудал дээр гишүүд үг хэлж, асуулт асууж байна.