СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-26

У.Хүрэлсүх, БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов.

Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.