Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” өчигдөр Төрийн ордонд болж, хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөл оролцсон энэ зөвлөгөөний үеэр салбарын сайд Х.Баделхан “найзуудаасаа” банга хүртэв. Гэхдээ барилгын салбарынхан ганц сайдыгаа ч шүүмжилсэнгүй. Тэд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанааг ЖДҮХС-тай нэр холбогдчхоод индэр дээр юу хийгээд сууж байгааг нь асууж, “Барилгын салбарынхны жижиг зээлээс авчхаад индэр дээр сууж байна. Миний дүү ажлаа өгөөд явах хэрэгтэй” хэмээн улаан нүүрийг нь улалзуулав. Хажууд нь суугаа сайдын нүүр ч улалзаад явчих шиг болсон. Арга ч үгүй байх. Х.Баделхан сайд өөрийн хамаарал бүхий “Мон лайвс” компанидаа 490, “Хаганат” компанидаа 195 сая гээд, ЖДҮХС-гаас нийт 685 сая төгрөгийн зээл авсан гэгдэж буй. Энэ удаад Ц.Амарсанаагаар дамжуулан сайдад дайсан нөхдийнх нь үг үүгээр дууссангүй ээ.
Сайдтай уулзсан дээрээ гэдэг шиг барилгын салбарт болж бүтэхгүй байгаа асуудлын талаар ярих, шүүмжлэх хүн олон байлаа. Монгол Улсын зөвлөх эдийн засагч, барилгын салбарт 53 дахь жилдээ ажиллаж буй н.Цэрэндулам багш хэлэхдээ, “Барилгын яаманд ажлаа мэддэг, ажил хийдэг хүн байна уу, ер нь. Өнөөдөр тусгай зөвшөөрлийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллага өгч байгаа нь хэр зөв алхам бэ. Д.Цэрэнжигмэд ээ, танай ассоциацид заавал гишүүнээр элсэж байж зөвшөөрлөө сунгах боломжтой юу. Мөн тендер зохион байгуулах хороонд мэргэжлийн холбоодыг оруулах ёстой. Яагаад оруулахгүй байна вэ. Өнөөдөр замын салбарынхан цалингаа хоёр дахин нэмчхээд байхад бид аль 2009 оны цалингаар амьдарч байна. Инфляцтай уялдуулж хэзээ цалингаа нэмэх вэ” хэмээн бухимдангуй өнгөөр индэрт суугаа эрхмүүдэд асуулт тавьсан юм.
Зөвлөгөөнд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, яамны дэд сайд Б.Мөнхбаатар, яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нарын хүмүүс оролцсон.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Тендерийн тухай хуулийг хэлэлцэж буй бөгөөд энэ цаг үед барилгын салбарынхан ч уг хуультай холбоотой санал, дүгнэлтээ хэллээ. Тэдний үзэж буйгаар, Тендерийн тухай хуулийн төсөлд төр, банк хоёр хэт давуу эрхтэй оролцож, тендерт оролцогчдод эрх тэгш боломж олгохгүй байна хэмээн шүүмжлэв. Тодруулбал, тендерийн маргаан гаргасан компанийн дэнчингийн 20-30 хувийг барьцаалж, улмаар шүүхийн маргаан үүсгэдэг болгохыг барилгын салбарынхан эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн нэг эзэнтэй 3-4 компани түншлэлийн гэрээгээр тендерт ялалт байгуулж буйг таслан зогсоох ёстой гэв.
Бас нэгэн хөндсөн асуудал нь, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар гэх мэт тендер зохион байгуулдаг газрууд шударга зарчмаар тендер явуулахгүй байгааг дурьдав. Барилгын салбарт хамгийн багадаа л 15-20 жил ажиллаж байгаа туршлагатай, тоног төхөөрөмж сайн компанийг эрэмбэлж, шалгуур үзүүлэлт хийхийн оронд хамгийн хямд үнэ амалсанд нь тендер өгч байгааг буруушаасан юм. Энэ нь эргээд чанарын асуудлыг үүсгэж, чанаргүй барилга баригдсанаар салбарын нэр хүнд унаж байна гэж үзлээ. Мөн бусад мэргэжлийн бус яамдыг барилгын тендер шалгаруулахыг буруу гэж үзээд, салбар яам дагнан хариуцаж, зохион байгуулдаг болох санаачилгыг зөвлөгөөнд оролцогчид гаргав. Ийн ширүүхэн өрнөсөөр үдээс өмнөх хэлэлцүүлэг завсарлав.
С.Магнайсүрэн: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж, 600 тэрбум төгрөг болгоно
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс ипотекийн зээлийн журамтай холбоотой зарим зүйлийг нэмж тодрууллаа.
-Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Монголбанк, Сангийн болон манай яам хамтран ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, зээлийн эх үүсвэрийг 600 тэрбум төгрөг болгох бололцоотой гэсэн тооцоо гаргасан. Энэ нь жилд 10 мянга гаруй айлыг ипотекийн зээлд хамруулна гэсэн үг. Мөн энэ сард багтаан “Буянт Ухаа-2”-т 1000 орчим айлын түрээсийн орон сууцыг нэмж гаргах судалгаа хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Улмаар түрээслээд, өмчлөх журмаа дараа долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна.
-Иргэд арилжааны банкнаас санхүүжүүлсэн байрнаас худалдан авбал зээл хамрагддаг албан бус журам хэрэгжиж ирсэн. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Банк зээл авахыг заахгүй, мөн орон сууцны байрлал заахгүй, иргэний худалдаж авах хүсэл сонирхолд нийцсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байна гэж журамд шинээр тусгасан. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцанд зээл олгохоор тусгалаа. Ам метрийн үнийг заагаагүй. Харин ам метрийн хэмжээг хязгаарласан. Тодруулбал, нийтийн орон сууц 60, амины орон сууц 120 байна гэж заасан. Ам метрийн үнэ буурах чиг хандлага байна. Тухайлбал, барилгын яаманд “Бармон” компани хүсэлт гаргаж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ компани Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний эх үүсвэрээ шийдүүлж, шинэ менежментээр ажиллаж байна. Таван жилийн хугацаатай, хүүгүй, хуваарийн дагуу төлөх нөхцөлтэй захиалга авч байна. Жишээлбэл, 60 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг таван жилийн хугацаанд сард нэг сая төгрөг төлөөд авчхаж болно гэсэн үг. Энэ нь түрээслээд өмчлөх гэрээний нэг хэлбэр.
-Гадуур 30 гаруй мянган байр хоосон байна гээд байгаа. Тоо нь яг хэд болсон бэ?
-Зураг нь гарсан атлаа барьж эхлээгүй барилгын бүх төслийг оруулж, тооцвол энэ тоо 30 мянгад хүрэх юм билээ. Харин барьсан барилга 5000 байна. Үүнээс стандартын шаардлага хангаж байгаа буюу ам метр 60-аас доош, үнэ нь 1.8 саяас бага үнэтэй 2000 орчим байшин байна.
-Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан “Шинэ Яармаг” төсөл яагаад гацав?
-“Шинэ Яармаг” Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан биш, зөвхөн шугам сүлжээндээ тус банк болон ТОСК-тай хамтарч явсан төсөл. Одоо Хөгжлийн банктай холбоотой зээлнээс болж шүүх дээр маргаан үүсчихсэн явж байгаа.
-Энэ жил танай салбарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх вэ?
-Энэ жил манай салбарт 1.4 их наяд төгрөгийн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт оруулах урьдчилсан тооцоо гарсан. Эхлээд, хотын Төв цэвэрлэх байгууламж болон бүх аймгийн цэвэрлэх байгууламжийг 2020 он гэхэд Азийн хөгжлийн банк, Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, улсын төсөв болон БНХАУ-ын хөнгөлттэй зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр хэрэгжүүлж дуусгана. Мөн дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх үүднээс 1008 айлын түр суурьших орон сууцыг “Ногоон нуур” орчимд хавраас барьж эхэлнэ.
Б.Баямбасүрэн