Манай улсын насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их /хоногт дунджаар 11г/ давс хэрэглэж, 19.5 хувь нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна. Бид нарын өдөрт тутамдаа авч иддэг хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй. Энэ мэт их давсны хэрэглээнээс болж халдварт бус өвчин тусах эрсдэлийг бүрдүүлж өгч байгаа юм. Манай улсын хүн амын нийт нас барилтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна.
Хүн амын давсны хэрэглээ буурахаас гадна өнгөрсөн онд 11 аж ахуйн нэгж 37 хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 29.4 хувиар бууруулсан байна
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд нийт хүн амын дунд давсны хэрэглээг бууруулах талаар Үндэсний стратеги боловсруулсан байдаг. Энэ ч хүрээнд НЭМҮТ-өөс 2006-2017 онд судалгаагаар 15-39 насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд сургуулийн 7-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хоол хүнсний давсны хэрэглээг нэг удаагийн шээсээр шинжлэхэд 11-9 грамм болж буурчээ. Хүн амын давсны хэрэглээ буурахаас гадна өнгөрсөн онд 11 аж ахуйн нэгж 37 хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 29.4 хувиар бууруулсан байна. Энэ жил 200 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнийхээ давсыг бууруулахаар болжээ. Түүнчлэн энэ жил ДЭМБ болон ЭМЯ-наас “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор цэцэрлэг, сургуулийн хоол, үдийн цайны давсны агууламжийг багасгах талаар ажиллахаар болж буйгаа мэдэгдэв.
Хоолны цэсээс давсыг хассанаар ямар ашиг тустай, хэт их давсны хэрэглээ хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай ярилцлаа.
Давсыг хэрэглэхгүй байснаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйл байхгүй
-Иргэдийн хувьд шууд, цай хоолноосоо давсыг хассанаар хоол, унд амтгүй болно гэж бодож байгаа байх. Тэгэхээр хэрхэн багасгах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Давсыг хоолны хэрэглээнээс хасах хамгийн энгийн арга бол цайнаасаа давсыг хасах юм. Давстай цай, давсгүй цай уусан хүмүүсийн 24 цагийн шээсний шинжилгээг аваад үзэхэд давсны хэрэглээ давстай цай уудаг хүмүүсийн хувьд 2 граммаар илүү байгаа юм. Цайгаа давсгүй уух юм бол нэгдүгээрт давсны хэрэглээгээ хоёр граммаар буулгаж байна гэсэн үг. Хоолыг давсаар биш бусад амтлагч буюу цагаан гаа, яншуй, чинжүү, улаан сонгино, ааг ихтэй ногоо зэргээр амтлах. Хоолоо давсаар биш эдгээр байгалийн гаралтай амтлагчаар амтлах боломжтой.
-Давс огт хэрэглэхгүй байхаар хүнд ямар нэгэн зовуурь шинж тэмдэг гарах уу?
-Давсны найрлаганы 90 дээш хувь нь натри хлорид байгаа. Давсны найрлагад нь хүнд хэрэгтэй зүйл бараг байхгүй. Бараг хоёр хувьд нь кальци, магни, кали байдаг. Гэхдээ энэ нь бие махбодийн бодисын солилцоог хангахуйц биш. Давсанд ерөөсөө шим тэжээлийн бодис байхгүй. Натри нь зарим шим тэжээлийн бодисуудыг зөөвөрлөхөд үүрэг гүйцэтгэдэг. Давсыг хэрэглэхгүй байснаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйл байхгүй. Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнд давс агуулагддаг тул орлох боломжтой. Жишээлбэл, 100 грамм үнээний сүүнд 0.001 грамм натри агуулагддаг. Шинэхэн байцаа, лууванд натри агуулагддаг тул заавал хоол, цайндаа давс хэрэглэхгүй байж болно.
-Давсны хэрэглээ өндөр байх нь халдварт бус өвчин тусахад нөлөөлдөг гэсэн?
-Давсны найрлагын 90 дээш хувь нь натри хлорид эзэлдэг. Их хэмжээний давс хэрэглэх нь шингэнийг татан хаванг үүсгэдэг. Мэдээж хүүхдүүдэд ч гэсэн хавагнах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хүүхэд давс их хэрэглэж байна гэдэг маань насанд хүрсэн хойноо халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлийг бий болгож байгаа гэсэн үг. 30-40 насандаа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, чихрийн шижин, амьсгалийн замын архаг өвчнөөр өвчлөх суурийг нь тавиад өгч байна гэсэн үг. Халдварт бус өвчин гэхээр эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа шинж тэмдэг юм.
-Давсны хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчний улмаас нас баралтын тоо ямар түвшинд байна вэ?
-ДЭМБ-аас хийсэн судалгаагаар давс их хэрэглэсний улмаас 2017 онд дэлхий дээр 7 сая хүн нас барсан. Манай улсад энэ талаарх судалгаа байхгүй байгаа. Гэхдээ зүрх судасны өвчинд давсны хэрэглээ нөлөөлж байгаа. Зүрх судасны өвчнөөр жилд гурван мянган гаруй хүн нас бараад байгаа.
-Натри хлорид маань тархины харвалтыг үүсгэх нэгэн хүчин зүйл болж байгаа. Яагаад цус харвалтад нөлөөлдөг вэ?
-Натри нь өөртөө их хэмжээний шингэнийг татдаг. Хоол хүнсээр, судсаар орж байгаа шингэнд натри шимэгдэн урсаж байгаа. Их хэмжээний шингэнийг өөртөө татдаг тул судсаар гүйх эзлэхүүнийг нэмэгдүүлдэг. Байнга ингэснээр даралт нэмэгдэх явцыг хурдасгаж байгаа юм. Удаан хугацаагаар даралттай байна гэдэг маань судсууд гэмтэх, хагарах, тархины харвалтад нөлөөлнө.
-Олон улстай харьцуулах юм бол манай улс давсны хэрэглээгээрээ хэр өндөрт ордог вэ?
-2015 онд 27 улсад хийсэн давсны хэрэглээний судалгаагаар манай улс дөрөвт бичигдсэн. Манайхаас илүү давсны хэрэглээтэй улс орнуудад япон, хятад улс багтаж байсан. Бусад орнуудад урьдчилан сэргийлэх үзлэгээр натри агууламжийг үзэж, давсны хэрэглээг тогтмол хянадаг энэ асуудлыг ЭМЯ-нд санал болгосон.
-Хүүхдийг төрсөн цагаас эхлэн давстай хоол, унд хэрэглүүлэхгүй байж болох уу?
-Хүүхдийн анхны нэмэгдэл хоолноос эхлээд давс багатай аль болох давсанд оруулахгүй байх боломжтой. Байгалийн хүнсний бүтээгдэхүүнд натри байгаа учраас хүүхдийг багаас нь давсны амтанд оруулахгүй байх хэрэгтэй.
Жамц давсыг иоджуулан хэрэглэж байгаа. Жамц давсны хувьд натри агууламж харьцангуй бага байдаг
-Давс их хэрэглэснээр турах боломжтой хэмээдэг. Ийм зүйл байх уу?
-Тийм зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ зарим оронд хийсэн судалгаагаар давс маань эргээд жин нэмэхэд нөлөөлдөг.
-Ямар давс хэрэглэх ёстой вэ?
-ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжөөр та давс бага хэрэглэ, гэхдээ зөвхөн иоджуулсан давс хэрэглэ гэж байгаа. Яагаад гэвэл дэлхийн бүс нутгийн хүн амийн дунд иод дутагдлын эмгэг байгаа. Манай улсын сургуулийн насны хүүхдүүдийн дунд иодын дудагтал долоон хувьтай байгаа. Жамц давсыг иоджуулан хэрэглэж байгаа. Жамц давсны хувьд натри агууламж харьцангуй бага байдаг. Иодыг зөвхөн давсаар болон далайн гаралтай бүтээгдэхүүнээс авах боломжтой.
-Чипсэнд давсны агууламж хэр их байдаг вэ?
-Чипс нь тос, давс ихтэй. Хүүхдүүдийг давсны амтанд дасгаж байгаагийн нэг хэлбэр нь чипс өгч байгаа явдал юм.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд хоногт авах хоол хүнснийхээ 80 хувийг цэцэрлэгийн хоолноос авдаг. Түүнчлэн бага насны хүүхэд 3 граммаас бага давс хэрэглэх ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл судалгаагаар манай улсын цэцэрлэгийн насны хүүхдүүд 3.2-3.3 грамм давс хэрэглэдэг байна. Иймд НЭМҮТ-өөс “Давсны хэрэглээг бууруулах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол” сэдэвт лекцийг цэцэрлэгийн тогооч, багш нарын дунд өнгөрсөн жилээс зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэгийн хувьд хоолны давсаа 1.4 грамм болгон багасгаж чадсан байна. Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэгийн тогооч Г.Оюунсүрэн “Манай цэцэрлэг 520 хүүхэдтэй өмнө нь нэг хүүхдийн өдрийн хоолонд 3.2 грамм давс хэрэглэдэг байсан. Давсны хэрэглээг багасгах талаар сургалтад сууснаар 1.4 грамм болгож чадсан. Нэмэлтээр хийж байгаа нунтаг давсыг халаад давс орлуулах бүтээгдэхүүнүүдээ технологийн дагуу хэрэглэхэд хоолны амт чанарт нь нөлөө гараагүй. Харин ч давс оруулах бүтээгдэхүүн буюу олон төрлийн ногоонуудыг хоолондоо ашиглах болсон. Хүүхдийн хоолонд яншуй, сонгино, чинжүү, цагаан гаа, лимон хийдэг.