Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "шударга бусын хонгил"-ын тухай олон жил ярьж байгаа. Хамгийн анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 4-нд Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлаар "Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Шударга бусын хонгилыг удирдан зохион байгуулж байгаа хүн бол Ц.Элбэгдорж" гэж ярьж байсан билээ.
МАНАН бүлэглэлийн удирдагч хэмээн Ц.Элбэгдоржийг цоллож эхэлсэнтэй холбоотой Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Байгаль орчны сайд асан Л.Гансүх нар өөрсдийн байр сууриа хэвлэлээр илэрхийлсэн. Энэ бүхний хариу болгож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө "Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж өгөөч гэж Н.Алтанхуяг над дээр орж ирсэн" гэж ярьсан байдаг.
Харин түүний энэхүү яриатай холбоотой "Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг учир шүүхэд хандаж байна. Ц.Элбэгдоржийн мэддэг тооны нэгж нь тэрбум учраас түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилж байна" хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүхэд гаргасан гомдолдоо бичжээ.